ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын шүүх АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерт хар тамхины хэргээр есөн жилийн хорих ял оноолоо

Пүрэв гарагт Оросын шүүх АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерт хар тамхины хэргээр есөн жилийн хорих ял оноолоо. Шүүх түүнийг хар тамхи зөөвөрлөж, биедээ хадгалсан хэрэгт буруутгасан байна.

Олимпын хошой аварга 31 настай Гринер каннабисын тос авч явснаа хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны дараа “хэний ч гаргаж болох алдаа” гаргасан гэж мэдэгджээ.

Мөн тэрээр “Таны энэ шийдвэр миний амьдралыг дуусгахгүй гэж найдаж байна. Би энэ гэмт хэргийг зориудаар үйлдэж, урьдаас төлөвлөөгүй” гэж хэлсэн байна

Пүрэв гарагт шүүхийн шийдвэрийг уншиж байхдаа даргалагч шүүгч Гринерийг нэлээд хугацаагаар цагдан хоригдсон гэдгийг харгалзан үзсэн гэж мэдэгдэв. Харин Гринерийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчдын нэг гэгддэг Гринерийг хоёрдугаар сард ачаанаас нь каннабисын тос агуулсан вэйп олдсон гэх шалтгаанаар Москвагийн ойролцоох нисэх онгоцны буудлаас саатуулж байв.

Тэрээр улирлын тоглолтын дараа клубын сагсан бөмбөг тоглохоор Орост ирсэн байжээ.

Удалгүй Орос Украиныг эзлэн түрэмгийлж, түүний хэрэг АНУ, Оросын хооронд өндөр түвшний улс төрийн маргаан болж хувирсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнд тулгаж буй ялыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзэж байв.

АНУ, Орос улс Гриннерийг оролцуулан хоригдол солилцох хэлэлцээр хийж магадгүй байгаа тул тэрээр хэр удаан Оросын шоронд хоригдох нь тодорхойгүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шоронд хоригдож буй Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутыг хэлэлцээрийн хүрээнд Оросын эрх баригчдад шилжүүлж магадгүй гэж мэдээлээд байгаа.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби шүүхийн шийдвэрийн дараа Гринер болон Орост хоригдож буй АНУ-ын иргэн Пол Уилан нарт холбогдох АНУ-аас тавьсан саналыг хүлээж авахыг Орос улсаас шаарджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet