ДЭЛХИЙН МЭДЭЭ

В.Зеленский Германы канцлер асан Герхард Шрөдерийн Путинтэй уулзсан явдлыг “жигшүүртэй” гэж тодорхойлов

Германы канцлер асан Герхард Шрөдер өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилж, Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн нь шүүмжлэлд өртөв.

Шрөдер Оросын төрийн мэдлийн байгалийн хийн “Газпром” компанитай бизнесийн холбоотой байдаг бөгөөд үүнээсээ болоод сүүлийн үед хатуу шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрээр Европ руу хий дамжуулах “Хойд урсгал 1, 2” хоолойг барьж байгуулахыг дэмжиж байсан хүмүүсийн нэг юм.

Түүнчлэн Социал демократ нам Шрөдерийг Кремльтэй холбоо тогтоож, Путинээс холбоогоо таслахаас татгалзсан хэмээн үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэрээр намаасаа хөөгдөж магадгүй байдалд байгаа.

“Stern” сэтгүүл болон “RTL” телевизэд өгсөн таван цаг үргэлжилсэн ярилцлагадаа тэрээр Оросын удирдагчийн цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Украин дахь мөргөлдөөнийг “гал зогсоох хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарлаад, барууны орнуудыг “дайсагнагч орнуудад бүслэгдэх вий” гэсэн Оросын болгоомжлолыг ойлгож, илүү мэдрэмжтэй хандах шаардлагатай гэж хэлжээ.

Ирээдүйн тухайд Шрөдер Украины хувьд Австри маягийн төвийг сахих статус, Украины зүүн хэсэгт орших Донбасс бүс нутагт Швейцар маягийн засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтыг санал болгов. Гол нь талууд харилцан буулт хийх хүсэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй гэж тэрээр нэмж хэлжээ.

Гэвч тэрээр Буча хотод болсон аллага, улс даяар олон мянган энгийн иргэд амь насаа алдаж байгааг, зүүн болон өмнөд бүс нутагт хяналтаа тогтоож байгааг, олон мянган украинчуудыг Орос руу албадан гаргаж байгаа зэрэг Оросын цэргүүдийн үйлдсэн харгислалын талаар ярих сонирхолгүй байгаа нь илт харагдаж байв.

Европ руу нийлүүлдэг хийн урсгалыг 20 хувь хүртэл бууруулсан явдлын талаар асуухад Шрөдер Путиний тайлбартай ижил тайлбар хийж, засвар хийсэн турбиныг Орост нийлүүлж чадаагүй Германы “Siemens” компанийг үүнд буруутай гэж хариулжээ.

Харин Германы засгийн газар болон “Siemens” энэ маргаанд Москваг буруутгаж байгаа.

Шрөдер ярилцлагадаа байгалийн хийн хангамжийн хямрал үүсээд байгаа Германы эрчим хүчний хэрэгцээг шийдэх энгийн шийдэл бол барилгын ажил нь дууссан “Хойд урсгал 2”-ыг идэвхжүүлэх явдал гэж хэлсэн нь олон нийтийн болон засгийн газрын хүрээнийхнээс шүүмжлэл дагуулж байна. Хоёрдугаар сард Орос Украин руу довтолсны дараа Германы засгийн газар хийн хоолойг нээх зөвшөөрөл өгөхөөс татгалзсан юм.

Шрөдерээс яагаад Путинээс холбоогоо таслаагүй талаар асуухад “Хэрэв би Владимир Путинээс холбоогоо тасалбал хэнд ч туслах боломжгүй болно биз? Магадгүй би хэзээ нэгэн цагт хэрэг болох байх. Тэгэхээр би яагаад уучлалт гуйх ёстой гэж?” хэмээн хариулсан байна.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Шрөдерийн Орост хийсэн айлчалыг “жигшүүртэй” гэж дүгнээд, Орос улс дайныг “хэлэлцээрээр шийдвэрлэх” хүсэлтэй байгааг шүүмжлэв.

Тэрээр “Европын үнэт зүйлийг хүндэлдэг томоохон улсын удирдагч асан эдгээр үнэт зүйлсийн эсрэг дайтаж байгаа Оросын талд ажиллаж байгаа нь үнэхээр жигшүүртэй зүйл” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian, Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet