ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украин дахь Запорожьегийн цөмийн станц хяналтаас гарсан гэж НҮБ мэдэгдэв

НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн тэргүүн Рафаэль Гросси Украины Запорожье дахь Орост эзлэгдсэн асар том атомын цахилгаан станц “бүрэн хяналтаас гарсан” болохыг мэдэгдэв.

Европын хамгийн том атомын станц дайны галд өртөхөд маш ойрхон байна.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Оросыг Украины армийн эсрэг дайралт хийх зорилгоор станцыг цэргийн бааз болгон ашиглаж байна гэж буруутгажээ. Тэрээр “Цөмийн станцтай холбоотой аймшигт осол гаргахгүйн тулд Украин мэдээж хариу гал нээж чадахгүй”  гэж хэлсэн байна.

Украины өмнөд хэсэгт орших Днепр голын эрэг дээрх цахилгаан станцын талбайд Оросын хүчин цэргээ байрлуулж, цэргийн техник хэрэгслээ хадгалдаг гэж Украины албаныхан мэдэгдээд байгаа.

Гэвч Оросоос томилогдсон тус бүс нутгийн албаны хүн Евгений Балицкий Украины арми барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашиглан үйлдвэр рүү дайрсан гэж “Reuters” агентлагт ярьжээ. Тэрээр Оросын цэргүүд Украины довтолгооны үеэр цөмийн байгууламжийг хэрхэн хамгаалж байгааг ОУАЭА-т харуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Орос тус станцыг эзэлж авахдаа тэндхийн барилгуудыг буудсан нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарч байв. Станц одоо Оросын хяналтад байгаа ч Украины ажилтнууд дотор нь ажиллаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр Гросси “Нөхцөл байдал маш эмзэг байна. Цөмийн аюулгүй байдлын зарчим бүр нэг талаараа зөрчигдөж байхад бид үүнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрч болохгүй” гэж хэлжээ.

Тэрээр цахилгаан станцад шалгалт, засвар хийх шаардлагатай гэж хэлээд, аль болох хурдан очихоор хичээж байгаа боловч дайны бүсэд зочлох нь эрсдэлтэй, нөгөө талаар Украин, Оросын талуудын зөвшөөрөл, НҮБ-аас зөвшөөрөл авах шаардлагатай гэв.

Өнгөрсөн зургадугаар сард Украины талаас ОУАЭА-ийг станцад очихыг зөвшөөрөөгүй бөгөөд аливаа айлчлал нь станц дахь Оросын оролцоог баталгаажуулах болно гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet