ДЭЛХИЙН МЭДЭЭ

Завахириг устгасан гэж АНУ мэдэгдсэний дараа Талибаны удирдагч нар цугларч цаашдын алхмын талаар хэлэлцэж байна

Лхагва гарагт Афганистаны Талибан хөдөлгөөний дээд удирдагч нар Кабулд цугларч, Аль-Кайдагийн толгойлогч Айман аль-Завахириг устгасны дараа АНУ-ын эсрэг хэрхэн хариу арга хэмжээ авах талаар ярилцсан гэж тус бүлэглэлийн дотоод эх сурвалж мэдээлжээ.

Ням гарагт Завахириг Кабул дахь нуувчныхаа тагтан дээр зогсож байхад нисгэгчгүй онгоцноос пуужингаар цохилт өгч, устгасан талаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газар мэдэгдсэн.

Уг мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баталсан боловч Талибууд одоогоор Завахиригийн үхлийг батлаагүй байна.

Аль-Кайдагийн олон жилийн холбоотон Исламын бүлэглэлийн албаны хүмүүс ням гарагт нисгэгчгүй онгоцноос цохилт өгснийг баталгаажуулсан ч пуужингийн цохилтод өртсөн барилга хоосон байсан гэж мэдэгдээд байгаа юм.

Талибаны засгийн газарт өндөр албан тушаал хашдаг нэгэн эх сурвалж “Тэд нисгэгчгүй онгоцны цохилтод хариу үйлдэл үзүүлэх эсэх, хэрэв арга хэмжээ авахаар болбол ямар арга хэмжээ авах талаар маш өндөр түвшинд уулзалт хийж байгаа” гэж “Reuters” агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр Талибаны удирдагч нар хоёр өдрийн турш хэлэлцээр хийсэн байна. Тэрээр пуужингийн цохилтод өртсөн байшинд Завахири байсан эсэхийг батлаагүй байна.

Египет гаралтай Завахири нь 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагыг зохион байгуулахад оролцсон бөгөөд дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн нэг байв.

2020 онд Талибан-АНУ-ын хооронд байгуулсан Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах тухай “Дохагийн гэрээ”-ний дагуу Талибаны бүлэглэл Афганистаны нутаг дэвсгэрт бусад зэвсэгт бүлэглэлүүдийг орогнуулахгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч Завахири нас барахдаа Кабулд байсан нь Талибаны бүлэглэл түүнийг хорогдох байраар хангасан уу гэдэг асуултыг дагуулж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ талаар “Талибанчууд Завахириг хүлээн авч, орогнуулах замаар Дохагийн гэрээг бүдүүлгээр зөрчсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet