Live
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нэнси Пелоси дөнгөж сая Тайпэйд газардлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын нисэх хүчний онгоцоор дөнгөж сая Тайванийн нийслэл Тайпэйд газардлаа. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Тайванийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд АНУ-ын засгийн газрын тусгай нислэгийг дагалдан явсан байна.

Тайпэй хотын олон зуун оршин суугчид Пелосигийн тусгай нислэгийг газардахыг хүлээн, “Songshan” нисэх онгоцны буудлын эргэн тойронд цугларсан байжээ.

Мөн нисэх онгоцны буудлын ойролцоох барилга дээр “Хайр. Итгэл найдвар. Энх тайван” гэсэн бичээсийг гэрлээр үзүүлсэн нь Пелосигийн айлчлал Тайванийн ар түмний хувьд хэр их ач холбогдолтойг илтгэж байна.

Пелоси Тайваньд айлчлах эсэх нь эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан бөгөөд Малайзаас хөөрснөөс нь хойш түүний онгоцыг олон мянган хүн ажиглаж байв. “Flightradar 24” сайт дээр хамгийн оргил үедээ 630,000 гаруй хүн “SPAR19” нислэгийг ажиглаж байжээ.

Нислэг газардахын өмнө тус улсад байлдааны бэлэн байдлыг ахиулж хоёрдугаар шатлалыг зарласан.

Харин энэ үеэр, Хятад улс Тайванийн хоолойн чиглэлд иргэний агаарын тээврийн бүх нислэгийг зогсоосон байна. Энэ тухай Хятадын засгийн газрын эрх баригчдаас эш татан орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн Хятадын Агаарын цэргийн хүчин “Su-35” сөнөөгч онгоцнуудаа Тайванийн хоолой руу илгээсэн тухай “Yuyuan portal” мэдээлэв.

Эх сурвалж: Nexta Tv

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet