ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ши Жиньпин, Жо Байден нар Тайванийн асуудлаар харилцан бие биедээ анхааруулга өглөө

АНУ, Хятадын удирдагч нар пүрэв гарагт хоёр цаг гаруй утсаар ярихдаа Тайванийн асуудлаар харилцан бие биедээ анхааруулга өгсөн байна.

Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинд арлын статусыг өөрчлөх нэг талыг баримталсан алхмуудыг АНУ эрс эсэргүүцэж байгааг хэлсэн байна. Гэхдээ Тайванийн талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэж хэлжээ.

Харин Ши Жиньпин Байденд нэг-Хятад зарчмыг баримтлахыг сануулаад, “галаар тоглосон хүн түлэгдэнэ” гэж анхааруулсан тухай Бээжин мэдэгдэв.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах тухай цуурхал гарсны дараа уг асуудлаарх хурцадмал байдал улам нэмэгдээд байсан юм.

Төрийн департамент Пелосигийн айлчлалыг батлаагүй ч Хятад улс ийм айлчлал хийвэл “ноцтой үр дагаварт хүрнэ” гэж анхааруулжээ.

Албан тушаалын хувьд Пелоси ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн дараа бичигдэх бөгөөд хэрэв Пелоси айлчлал хийвэл 1997 оноос хойш Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтай улс төрч болох юм.

Хятад улс Тайванийг тус улсын нэг хэсэг, салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд өөртөө нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй. Харин АНУ нэг-Хятад бодлогын дагуу Тайпейг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй боловч ардчилсан засаглалтай арлыг өөрийгөө хамгаалах зэвсгээр хангах үүрэг хүлээдэг байна.

Пүрэв гарагт утсаар ярихдаа Байден, Ши нар нүүр тулан уулзах боломжийн талаар ярилцсан тухай Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан мөн мэдэгдэв.

Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2015 онд Ши Жиньпинийг АНУ-д айлчлахад түүнийг хүлээн авч уулзаж байсан боловч Байденыг ерөнхийлөгч болсны дараа биечлэн уулзаагүй.

Цагаан ордны мэдээлснээр удирдагч нар Тайванаас гадна уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг олон асуудлыг хэлэлцжээ.

Байдены засаг захиргаа Трампын үеийн Хятадын импортын бараанд ногдуулсан гаалийн татварыг цуцлах эсэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд ийм алхам нь АНУ-ын инфляцын өсөлтийг бууруулна гэж үзэж байна. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч пүрэв гарагт Шитэй энэ асуудлыг хэлэлцээгүй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet