ДЭЛХИЙН МЭДЭЭ

Саудын Араб 500 метр өндөр, 170 км урт үргэлжлэх “The Line” нэртэй шинэ хотын төслөө танилцууллаа

Саудын Араб “The Line” нэртэй шинэ “босоо” хотын төслөө танилцуулжээ. Энэ хот нь 500 метрийн өндөр, 200 метрийн өргөнтэй, 170 км урт үргэлжлэх бөгөөд 2030 онд ашиглалтад орсны дараа есөн сая хүн амьдрах боломжтой байна.

Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман төслийг танилцуулахдаа “The Line”-ыг орчин үеийн хот байгуулалтын хамгийн амбицтай бүтээн байгуулалтын нэг хэмээн тодорхойлжээ.

Уг хот нь Акаба булангийн ойролцоох футурист загвартай “Neom” төслийн хүрээнд баригдах аж. “Neom”-ыг анх 2017 онд анх зарлаж байсан бөгөөд нисдэг такси, робот үйлчлэгчээс эхлээд хотын ерөнхий төлөвлөлт хүмүүсийг гайхшируулахын зэрэгцээ архитекторууд, эдийн засагчдын дунд эргэлзээ дагуулж байсан.

“The Line” нэртэй шинэ дэд төсөл нь мөн гайхшируулах зүйлээр дүүрэн байна. Танилцуулгаас үзвэл асар том байгууламжийн үйл ажиллагааг хиймэл оюун ухааны тусламжтай зохицуулах бөгөөд үйлчилгээнүүд нь бие даасан удирдлагатай байх аж. Мөн дэлхийн дулаарал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зэрэг асуудлууд ихээр хөндөгдөж буй энэ үед хотыг автомашингүй, нүүрстөрөгч ялгаруулдаггүй байхаар төлөвлөсөн байна.

Оршин суугчид ажил, сургууль, дэлгүүр зэрэг өдөр тутмын хэрэгцээт газруудад таван минут алхаад хүрэхээс гадна барилгын нэг захаас нөгөө зах хүртэл өндөр хурдны галт тэргээр 20 минут явж хүрэх боломжтой байна.

“Neom” нь өөрийн хуулинд захирагдах бөгөөд хуулийг бэлтгэх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Ханхүү Мохаммедын газрын тосноос хамааралтай эдийн засаг, консерватив нийгмээс хаант улсаа чөлөөлөх төлөвлөгөөний гол хэсэг бол түүний орчин үеийн амьдралын тухай алсын хараа юм. Тэрээр “Neom”-ыг нийгмийн уян хатан бус стандарт, Исламын шашны хатуу дэг жаяг зэрэг сүүлийн 40 жил бугшсан идээ бээрнээс салгах боломж гэж харж байгаа аж.

2030 он хүртэл үргэлжлэх төслийн эхний үе шат 1.2 тэрбум Саудын риал буюу ойролцоогоор 320 тэрбум ам.долларын өртөгтэй байх гэнэ. Санхүүжилтийг засгийн газраас гадна хувийн хэвшлээс төвлөрүүлэх бөгөөд 2024 онд олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet