УКРАИН

Украин Орост эзлэгдсэн Херсон руу довтолгоогоо эрчимжүүлж, хангамж нийлүүлдэг гол гүүрэнд цохилт өгчээ

Украины зэвсэгт хүчин Орост эзлэгдсэн өмнөд хэсгийн Херсон хотын гол гүүрэнд пуужингаар цохилт өгч, довтолгоогоо эрчимжүүлж эхэлснээ зарлав.

Херсон руу хангамж нийлүүлдэг Оросын гол замын нэг болох Днепр мөрний Антоновскийн гүүрэн дээр 18 удаагийн дэлбэрэлт болсныг гэрчүүд баталсан бөгөөд Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин цохилтыг эсэргүүцэж чадаагүй байна.

Украины цэргүүд мөн төмөр замын гүүрийг онилсон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн ахлах зөвлөх Антон Геращенко мягмар гарагийн өглөө мэдээлэл өгөхдөө “Himars”-ын тусламжтайгаар түрэмгийлэгчдийн цэргийн хүчээ шилжүүлэхэд ашигладаг хоёр гүүрний нэгэнд дахин хүчтэй цохилт өгсөн. Энэ удаад Антоновскийн гүүр пуужингийн довтолгоог тэсвэрлэхгүй байх” гэж мэдэгдсэн байна.

Мөн Украины өмнөд хэсгийн хамгаалалтын албаны төлөөлөгч Наталья Хуменюк “Бид дэд бүтцийг сүйрүүлээгүй, харин дайсны төлөвлөгөөг устгаж байна” гэж нэмэлт тайлбар хийжээ.

Оросын Херсон дахь бүс нутгийн захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мягмар гарагийн өглөө Оросын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө гүүр “Himars”-ын цохилтод өртсөнийг баталсан байна.

Мөн гүүрний зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, засвар хийх тухай мэдээлэл өгсөн бол Оросын зарим хэвлэл мэдээллээр гүүрэнд “их засвар” хийх шаардлагатай гэж мэдээлжээ.

Гуравдугаар сарын эхээр Орост эзлэгдсэн Херсон нь украинчуудын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд Украины цэргүүд дөрөвдүгээр сараас хойш Николайев болон Херсон хотын хооронд хязгаарлагдмал ахиц үзүүлсэн. Гэвч 80 км хүртэлх зайнаас үр дүнтэй цохилт өгөх чадвартай холын зайн тусгалтай зэвсгийн ачаар украинчууд өөртөө итгэлтэй болж байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногт өмнөд нутагт өрнөж буй тулалдааны үеэр Украины арми АНУ-аас нийлүүлсэн “Himars” пуужингийн системээр фронтын шугамын ард байрлах Оросын зэвсгийн агуулах болон командын цэгүүдэд удаа дараа цохилт өгсөн.

Түүнчлэн Антоновскийн гүүрнээс гадна Оросын хүнд зэвсгийг Херсон болон түүний эргэн тойронд зөөвөрлөхөд ашиглаж болох цөөхөн хэдэн маршрутыг таслахаар оролдож байна.

Эх сурвалж: The Guardian

1 сэтгэгдэл

  1. Бабаа

    2022-07-27

    Хангамжгүй болсон цэрэг бууж өгөх эсүүл ухрах. Гүүр бүрэн нурчхаас өмнө гол гарах хэрэгтэй оросууд аа хэхэхээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet