ХЭРЭГ ЗӨРЧИЛ

ЭЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргажээ

Гэрэл зургийг MPA.mn

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Таширын нуруу гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэд хууль бусаар алт олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар “Бороо гоулд” компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нарт” гэх газарт хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг 2 хашаанд шалгалтын ажиллагаа явуулж, “Таширын нуруу” гэх газраас олборлосон алтны илэрц бүхий чулууг зөөвөрлөн боловсруулдаг болохыг тогтоон 3 хүнийг баривчилсан.

Хэргийн газруудад шалгалтын ажиллагаа явуулан алтны илэрц бүхий 138 шуудайтай чулуу, шороо, баримт бичиг, 2 ширхэг цахилгаан хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, чулууг журмын хашаанд битүүмжлэн, алт тушаадаг ченжээс мэдүүлэг авч, хууль бусаар олборлосон 25 грамм алтыг эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ажилласан талаар

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээхэд нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушиг уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн техник, хэрэгсэл ашиглаж хууль бусаар их хэмжээний жонш олборлосон, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон хэргийн газрын үзлэг хийн, гэрчүүдээс мэдүүлэг авч, техник хэрэгслийг битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан.

Дээрх аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үндэслэлээр Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой баримт бичгийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх албан тушаалтнуудаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet