ХҮҮХЭД

Их Британийн судлаачид 1-5 насны хүүхдүүдийн дунд тархсан гепатитын дэгдэлтийн гол шалтгааныг олж тогтоожээ

Их Британийн мэргэжилтнүүд сүүлийн үед дэлхий даяар бага насны хүүхдүүдийн дунд тархсан элэгний өвчлөлийн шалтгааныг олж тогтоожээ.

Судалгаанаас харвал цар тахлын хөл хорионы дараа хоёр нийтлэг вирус дархлаа сууж амжаагүй хүүхдүүдийн дунд тархаж, ховор боловч маш ноцтой гепатитын тохиолдлуудыг үүсгэсэн байна.

Дэлхийн 35 оронд таваас доош насны 1,000 гаруй хүүхэд үүнд өртсөн бөгөөд зарим нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Зөвхөн Их Британид гэхэд 12 хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна.

Лондон, Глазгоу хотын судлаачдын хоёр багийн олж тогтоосноор Ковид-19-ийн хязгаарлалтаас болж аденовирус (ихэвчлэн ханиад, ходоодны хямрал үүсгэдэг) болон аденотой холбоотой хоёрдугаар вирус (ихэвчлэн өвчин үүсгэдэггүй бөгөөд үржихийн тулд аденовирус гэх мэт хавсарсан “туслах” вирус шаарддаг)-ийн эсрэг эрт үеийн дархлаа сууж амжаагүй хүүхдүүд эдгээр вируст ердийнхөөсөө хожуу өртсөн нь элэгний өвчлөл үүсэх шалтгаан болжээ.

Ийм төрлийн вируст өртсөн ихэнх хүүхэд хурдан эдгэрдэг.

Тэгвэл зарим тохиолдолд яагаад элэгний үрэвсэл үүсдэг нь тодорхойгүй байгаа ч генетикийн шалтгаантай байж болно гэж судлаачид үзэж байна.

Мөн судлаачид коронавирус эсвэл ковидын вакцинтай холбоотой гэх магадлалыг эрс үгүйсгэжээ.

Судлаачдын нэг, вирус судлалын мэргэжилтэн, профессор Жудит Брюер “Хөл хорионы үед хүүхдүүд бие биедээ вирус дамжуулах боломжгүй байсан. Ийм учраас тэдэнд ердийн үед тохиолддог нийтлэг халдварын эсрэг дархлаа суугаагүй. Харин хязгаарлалт цуцлагдах үед хүүхдүүд холилдож, вирусүүд чөлөөтэй тархаж эхэлсэн бөгөөд эрт үеийн дархлаа суугаагүй хүүхдүүд гэнэт шинэ халдваруудад өртөж эхэлсэн” гэж тайлбарлав.

Гэсэн ч тодорхойгүй олон асуулт байгаа бөгөөд хүүхдийн гепатитын тохиолдолд “AAV2”-ийн гүйцэтгэдэг үүргийг судлах, “AAV2”-ийн улирлын циклийг ойлгохын илүү том судалгааг яаралтай хийх шаардлагатай гэж Глазгогийн их сургуулийн судалгааг удирдсан профессор Эмма Томсон хэлж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet