ДЭЛХИЙН МЭДЭЭ

Франц, АНЭУ эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Даваа гарагт Франц, Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Персийн булангийн орноос газрын тос, байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан тухай Францын талаас мэдэгдэв.

Мэдэгдэлд “Одоогийн эрчим хүчний тодорхой бус нөхцөлд энэхүү гэрээ нь тогтвортой урт хугацааны хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж, аж үйлдвэрийн шинэ гэрээ байгуулах замыг нээх болно” гэжээ.

Мөн Францын Эдийн засаг, Сангийн сайд Бруно Ле Майр “Бид Арабын Нэгдсэн Эмират улстай байгуулж буй гэрээ нь стратегийн давхар ач холбогдолтой: нүүрстөрөгчгүй ирээдүйд бэлтгэхийн зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломжийг бидэнд олгож байна” гэж мэдэгдэв.

АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммед бин Заид Аль Нахайян долдугаар сарын 17-19-ний хооронд Парист айлчилж байгаатай давхцуулж хамтарсан гэрээг байгуулсан байна. Энэ айлчлал нь ахынхаа ажлыг тавдугаар сард хүлээн авснаас хойших түүний анхны гадаадад хийж буй төрийн айлчлал юм.

Шейх Мохаммед айлчлалынхаа үеэр худалдаа, эрчим хүчний бусад хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна. Үүнд Францын эрчим хүчний аварга “TotalEnergies” болон “Abu Dhabi” үндэсний газрын тосны компани хооронд эрчим хүч нийлүүлэх гэрээ багтсан гэж Эдийн засгийн яам мэдэгдэв.

Украины дайн зургаа дахь сарынхаа нүүрийг үзэж, Европын орнууд Оросын байгалийн хийн хэрэглээг зогсоохоор бэлтгэж байгаа энэ үед Европын олон оронд хэт халалт үргэлжилж, эрчим хүчний үнэ огцом өсөж, инфляцын түвшин нэмэгдээд байна.

Мөн Орос улс сүүлийн саруудад Европ руу нийлүүлдэг хийн нийлүүлэлтээ багасгаж, цаашлаад засвар үйлчилгээ хийх зорилгоор хаагаад байгаа “Хойд урсгал 1” хоолойгоо дахин нээхгүй байх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

Өвлийн улиралд эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд Италийн Ерөнхий сайд Марио Драги даваа гарагт Хойд Африкийн улсаас Итали руу байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэхээр Алжирт айлчилж байгаа бол ЕХ-ны комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар Ерөнхийлөгч Илхам Алиевтай хэлэлцээр хийхээр Азербайжанд айлчилжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet