Зээлийн гэрээгээ өөрчлөх хүсэлт гаргаагүй бол 90 хоногийн зээлээ нэг дор төлөх шаардлагатай

Гэрэл зургийг MPA.mn
“Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулна” хэмээх Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдэгдлийг олон нийт талархан хүлээн авсан. Гэвч бодит байдал дээр энэхүү мэдэгдэл хэрэгжсэнгүй. Албаны хүмүүс Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас залруулга хийж эхэллээ.
Тодорхой хэлбэл, “Ковид-19” вирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэнтэй холбогдуулан Монголбанкнаас зарим зохицуулалт хийж эхлээд байна. Юуны түрүүнд энэхүү арга хэмжээнд төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдах юм байна. Тодруулбал зээлийн төлөлтөд зарим өөрчлөлт оруулж, мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Ингэхийн тулд тухайн зээлдэгч харилцагч банкиндаа заавал хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гурав хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.
Жишээ нь, зээлийн төлбөрт нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн бол зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Үүний тулд тавдугаар сарын 1-нээс өмнө амжиж өргөдлөө гаргах учиртай. Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх шаардлагатай. Тодорхой хэлбэл, Монголбанкаас 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д холбогдох өөрчлөлтийг оруулж, энэ оны нэгдүгээр сарын 31-нээс долдугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Товчхондоо, ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдүүлэхээр болсон.
Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. Чанаргүй зээлийн ангилалд орохгүйн тулд харилцагч банкныхаа эдийн засагчтайгаа заавал биечлэн уулзах ёстойг Монголбанкныхан хатуу анхааруулж буйг дахин онцолъё. Зээлийн гэрээг шинэчилж, төлөлтийн графикт өөрчлөлт оруулах эрх үүснэ. Эс бөгөөс иргэн, аж ахуйн нэгжийнхэн 90 хоногийн турш бөөгнөрсөн зээлээ нэг дор төлөх хүндхэн үүрэг хүлээнэ. Зээл төлөхгүй бол хуримтлагдана. Сард 300 000 төгрөг төлдөг байсан бол гурван сарын дараа 900 000 мянгийг нэг дор төлөх шаардлагатай болно. Улмаар зээлийн ангилал буурч зээлдэгчид сөргөөр нөлөөлж эргээд зээл авахад нь хүндрэл учирдаг. Ийм бэрхшээл үүсгэхгүйн тулд банкууд гэрээгээ шинэчилсэн иргэддээ уян хатан хандаж байгаа гэсэн үг юм.
Ташрамд дурдахад, Монголбанкнаас энэхүү арга хэмжээг авахаас өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг банкууд авч байсан. Тэгвэл Төвбанкнаас Монголын ипотекийн корпорац, Орон сууц санхүүжилтийн корпорацаас нэмэгдүүлсэн хүүг харилцагчдад буцаан олгохоор банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах