Live
БОЛОВСРОЛ

КОЙКА-гаас боловсролын салбарт олгож буй 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаас ШУТИС-д ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ байгуулна

-КОЙКА боловсролын салбарын ирээдүйн чадварлаг хүний нөөцийг хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ-

Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн Хэлэлцээрийн протокол(R/D)-д өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд КОЙКА-гаас боловсролын салбарт 60 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн 5 төслийг хэрэгжүүлэх юм.

Гэрэл зургийг MPA.mn

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И Ё Хун, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, төсөл хэрэгжих их, дээд сургуулийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан КОЙКА-гаас олгох энэхүү санхүүжилтээр,

  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах,
  • ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах,
  • ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван төслийг энэ онд шинээр эхлүүлнэ.
  • Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх КОЙКА болон GIZ-ийн хамтарсан төсөл,
  • Монгол-Солонгосын Политехник Коллежийн “Хүчин чадлыг сайжруулах” төслүүдийг үргэлжлүүлнэ гэсэн юм.

Монгол Улсад бүх түвшинд боловсролын системийг хөгжүүлэхэд чиглэсэн 60 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх анхны цогц хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.    

Тодруулбал, КОЙКА нь ШУТИС, ХААИС-д “Миннесота төсөл”-ийг нэвтрүүлэн хот байгуулалт, ХАА-н салбаруудад чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын бодлого, тогтолцоог сайжруулах, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх болон технологийн гарааны бизнесийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх аж.

КОЙКА-гийн Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа:

КОЙКА нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор 1991 онд байгуулагдсан. Монгол Улсад 1991 оноос буцалтгүй тусламжийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд 80 орчим тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн байна.

1 сэтгэгдэл

  1. Багаа

    2022-07-06

    Монголчууд солонгосчуудыг дандаа хойноос н хараадаг шдэ кккк туслах хэрэггүй улс даа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet