COVID-19

Оросын Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах алба улс орон даяар тогтоосон ковидын хязгаарлалтыг бүрэн цуцаллаа

Оросын Хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах “Роспотребнадзор” ковидын тархалт буурч байгаатай холбоотойгоор улс орон даяар тогтоосон коронавирусийн эсрэг бүх хязгаарлалтыг цуцалж байгааг баасан гарагт мэдэгдлээ.

Тухайлбал амны хаалт зүүх, шөнийн цагаар нийтийн хоолны газар ажиллуулахыг хориглох болон бусад арга хэмжээнүүдийг түдгэлзүүлсэн байна. Гэхдээ Ковид-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл эдгээр хязгаарлалтыг дахин сэргээж магадгүй гэж тус алба мэдэгдэв.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Орост Ковид-19-ийн эрч тогтмол буурч, хоёрдугаар сартай харьцуулахад долоо хоногийн өвчлөлийн түвшин 64 дахин багасжээ. Хоёрдугаар сарын дундуур энэ үзүүлэлт хамгийн ихдээ 907.6 байсан бол одоогийн байдлаар тахал эхэлснээс хойших хамгийн доод түвшиндээ хүрч 14.06 болсон байна.

Мөн холбооны хяналтын байгууллага дотоодод батлагдсан бараг бүх ковидын тохиолдол (93%) хөнгөн буюу шинж тэмдэггүй байна гэж мэдээлэв.

Тус улсад “Омикрон” хувилбарын өвчний тохиолдол мэдэгдэхүйц буурсны дараа гуравдугаар сарын нэгнээс эхлэн янз бүрийн салбарт тогтоосон хязгаарлалтаа багасгаж, боловсролын байгууллагууд болон хүүхэд залуучуудад зориулсан бусад байгууламжуудтай холбоотой тахлын эсрэг хэд хэдэн арга хэмжээгээ цуцалж байв.

Хяналтын байгууллагын шинжлэх ухааны мэргэжилтнүүд зуны саруудад “Омикрон” хувилбараас үүдэлтэй өвчний тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэх магадлал бага гэж үзэж байгаа аж.

Хязгаарлалтын арга хэмжээг цуцалсан хэдий ч Ковид-19-ийн шинэ тохиолдлыг цаг алдалгүй илрүүлэх, тархалтын үйл явцыг ажиглахын тулд нөхцөл байдалд үргэлжлүүлэн хяналт тавих гэнэ.

Эх сурвалж: Tass

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet