newswire

Хойд Солонгос ковидын дэгдэлтэд Өмнөдөөс илгээсэн агаарын бөмбөлгүүдийг буруутгалаа

Хойд Солонгос Ковид-19-ийн дэгдэлтийн бурууг Өмнөд Солонгост нялзааж, хилийн гаднаас илгээсэн агаарын бөмбөлгүүдээс болгоомжтой байхыг анхааруулав. Хоёр жилийн турш вирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй Хойд Солонгост тавдугаар сарын 12-нд халдварын анхны тохиолдол батлагдсан.

Баасан гарагт мэдээлснээр тус улсад 4,570 хүнд шинээр халуурах шинж тэмдэг илэрч, нийт тохиолдлын тоо 4.74 саяд хүрсэн байна. Хойд Солонгос Ковид-19-ийн батлагдсан тохиолдлыг бус зөвхөн халуурах шинж тэмдэг илэрч буй хүмүүсийн тоог зарлаж байгаа нь шинжилгээ авах боломж хомс байгаатай холбоотой юм. Тус улсад нийт 73 хүн ковидоор нас баржээ.

Баасан гарагт тус улс цар тахлын тандалт судалгааны үр дүнг зарлахдаа “Хязгаарлалтын шугам, хилийн дагуух бүсэд салхи, цаг уурын бусад үзэгдлүүд, агаарын бөмбөлгүүдээр ирж буй харийн зүйлтэй болгоомжтой харьцахыг” тушаасан гэж албан ёсны “KCNA” агентлаг мэдээлэв.

Тус агентлаг Өмнөд Солонгосын талаар шууд дурдаагүй ч Хойд Солонгосын дүрвэгчид болон идэвхтнүүд олон арван жилийн турш агаарын бөмбөлгийн тусламжтайгаар ухуулах хуудас, хүмүүнлэгийн тусламж илгээсээр ирсэн юм.

“KCNA”-ийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын эхээр зүүн хэсэгт орших Кумганг мужид үл мэдэгдэх материалд хүрсэн 18 настай цэрэг, таван настай хүүхдэд шинж тэмдэг илэрч, дараа нь Ковид-19-ийн шинжилгээгээр эерэг гарсан гэв.

Харин дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл тус улсад бүртгэгдсэн бүх халуурах шинж тэмдэг өөр бусад өвчинтэй холбоотой гэж мэдээлсэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын нэгдлийн яам хилээр илгээсэн ухуулах хуудаснуудаар вирус дамжих боломжгүй гэж мэдэгдэв.

Мөн Сөүл дэх Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Му Жин “Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, вирусийн биетээр дамжин тархах магадлал маш бага тул Хойд Солонгосын мэдэгдэлд итгэхэд бэрх” гэжээ.

Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үзэж байгаагаар бохирдсон гадаргуу эсвэл объекттой харьцах замаар ковидын халдвар авах эрсдэл бага боловч боломжтой байна.

Хойд Солонгосын анхны хоёр тохиолдол дөрөвдүгээр сарын эхээр зүүн хотод тодорхойгүй объектод хүрсэнтэй холбоотой гэж мэдээлсэн боловч дүрвэгчдийн бүлэг энэ жил анх удаа дөрөвдүгээр сарын сүүлээр баруун Гимпо бүсээс агаарын бөмбөлөг илгээсэн байна.

Хойд Солонгос нь Хятадтай хил дамнасан худалдаагаа сэргээх зорилгоор хилийн хатуу арга хэмжээгээ сулруулснаас хойш хэдэн сарын дараа тус улсад ковидын дэгдэлт гарсан. Гэхдээ Пхеньян Хятадыг буруутай гэж үзвэл хоёр улсын худалдаанд цаашид саад болох тул холбоотноо буруутгахаас татгалзсан хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet