COVID-19

Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн Ковид-19-ийн вакцинд зөвшөөрөл олгов

Лхагва гарагт Өмнөд Солонгосын эрүүл мэндийн ажилтнууд тус улсын анхны дотооддоо боловсруулсан Ковид-19 вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ.

4,000 орчим хүнийг хамарсан эмнэлзүйн туршилтаар “SK Bioscience”-ийн хоёр тун бүхий “SKYCovione” вакцин нь халдварын эсрэг өргөн хэрэглэж буй “AstraZeneca” вакцинаас илүү үр дүнтэй болох нь нотлогдсон гэж Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам мэдэгдсэн байна.

Одоогоор шинээр боловсруулсан вакциныг хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй байна. Уг вакциныг тархах өндөр чадвартай “Омикрон” хувилбарт бус коронавирусийн анхны хувилбарт зориулан бүтээжээ.

Харин энэ үеэр АНУ-ын “Pfizer” болон “Moderna” компаниуд “Омикрон”-д зориулсан нэмэлт тунгийн ажлаа хурдасгаад байна. Мэргэжилтнүүд уг хувилбарыг ирэх саруудад дахин дэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Өмнөд Солонгосын олон нийтийг хамарсан дархлаажуулалтын кампанит ажилд голчлон “Pfizer” болон “Moderna”-ийн “mRNA” вакциныг ашигласан. Гэхдээ томуу, гепатит Б-ийн эсрэг олон жилийн турш хэрэглэж ирсэн уургийн вакцинуудтай адил “SKYCovione” зэрэг вакцин нь шинэ технологиор боловсруулсан вакциныг хэрэглэхээс эргэлзэж буй хүмүүст таалагдах болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Хүнс, эмийн аюулгүй байдлын сайд О Ю Кёны хэлснээр “SK Bioscience” компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь вакциныг гадагш экспортлох боломжийг нээж өгөх юм.

Өмнөд Солонгос энэ оны эхээр “Омикрон”-ы өсөлтийг хяналтандаа авсныхаа дараа ихэнх ковидын хязгаарлалтыг хөнгөвчилсөн. Гэхдээ тус улсад олон нийтийн дархлаа суларч, шинэ хувилбар дэгдэж болзошгүй тул вакцинжуулалтын түвшин өндөр байгаа ч халдварын тоо дахин нэмэгдэх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна.

Тус улсад сүүлийн 20 өдрийн турш өдөрт 10,000-аас доош тохиолдол бүртгэгдэж байсан бол лхагва гарагт коронавирусийн 10,463 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet