ТЕХНОЛОГИ

“Air New Zealand” дэлхийд анх удаа хэт холын зайн нислэгийн энгийн ангилалд ор суурилуулахаар болжээ

“Air New Zealand” компани 17 цаг гаруй үргэлжилдэг холын зайн нислэгийн энгийн ангилалд ор суурилуулж, зорчигчдодоо хэвтэх, унтах боломжийг олгохоор болжээ.

Агаарын тээврийн компани 2024 он гэхэд хоёр давхар ор шиг хэлбэртэй шинэ бүхээгээ суурилуулснаар дэлхийд анхдагч болно гэж үзэж байгаа аж.

Гэхдээ уламжлалт суудлуудыг энгийн ангиллын зорчигчдод санал болгосон хэвээр байх гэнэ. Харин премиум-энгийн болон энгийн ангилалд уламжлалт суудал захиалсан зорчигчид нэмэлт үнэ төлөөд “Skynest” гэж нэрлэж буй унтлагын хэсэгт дөрвөн цаг амрах боломжтой байна.

Ор бүр гудас, цагаан хэрэглэлтэй байх бөгөөд үүнийг захиалга бүрийн дараа солих гэнэ. Мөн зай ашиглахын тулд орнуудыг дээр дээрээс нь давхарлан байрлуулсан байна. Бүхээг бүр хаалттай, “USB” цэнэглэгчтэй, агаар нэвтрэх боломжтой байх аж.

“Air New Zealand” компани 2024 оны сүүлчээр хүлээн авах найман “Boeing 787-9 Dreamliner” онгоцонд зургаан ширхэг “Skynest” бүхээгийг суурилуулахын тулд энгийн ангиллын таван суудлыг буулгахаар болсон байна.

Нислэгийн энгийн ангилалд нийт 200 гаруй суудал байдаг учраас амралтын орны эрэлт их байна гэж тооцоолоод, нэг зорчигч нэг нислэгт зөвхөн нэг удаа “Skynest”-ийн бүхээг захиалах зохицуулалтыг хийжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Грег Форан “унтлагын бүхээг нь энгийн ангиллын нислэгийг бодитоор өөрчлөх болно” гэж үзэж байна.

Энэ есдүгээр сараас “Air New Zealand” компани Окленд-Нью-Йорк чиглэлд 17 цаг орчим үргэлжлэх шууд нислэг үйлдэж эхлэх бол Австралийн “Qantas” Сидней, Мельбурн хотуудаас Лондон, Нью-Йорк чиглэлд 20 орчим цагийн шууд нислэг үйлдэх төлөвлөгөөгөө зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet