ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хоёр Солонгосын харилцаа зогсонги байдалд орлоо…

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2017 оны “Шинэ оны илтгэл”-дээ, Солонгосын хойгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд анхаарал хандуулж, үндэсний язгуур эрх ашгийг чухалчлан хоёр солонгосын харилцааг сайжруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин 2017 онд “Шинэ Умардын бодлого”-ыг санаачлан БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаан дээр тулгуурлан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах бодлогыг тунхагласан.

Хоёр Солонгосын харилцаа 2018 оны хоёрдугаар сард БНСУ-д болсон Пёнчяны өвлийн олимпд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсон цагаас эхлэн сэргэж, харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхжүүлж эхэлсэн.

Тухайлбал,

  • 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хоёр Солонгосын дээд хэмжээний 3 дахь удаагийн уулзалт хоёр улсын цэрэггүй бүс буюу Паммунжонд 10 жилийн дараа зохион байгуулагдсан.  
  • 2018 оны тавдугаар сарын 26-ны өдөр хоёр улсын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалтыг Паммунжонд зохион байгуулсан.  
  • 2018 оны есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-д албан ёсны айлчлал хэрэгжүүлж, 5 дахь удаагийн уулзалтыг Пёньян хотод хийсэн.
  • 2019 онызургадугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын нар Паммунжонд дахин уулзаж, хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн.

Ийнхүү эдгээр орнуудын харилцаа хэвийн үргэлжилж байсан ч 2019 оны 2-р сард Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараагаар хоёр талын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ оны нэгдүгээр сарын 14-нд АНУ-БНАСАУ-ын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсонтой холбогдуулан “БНАСАУ-ын зүгээс хаалга нээлтэй хэвээр байгаа” хэмээн цаашдын төлвийг өөдрөгөөр харж буйгаа илэрхийлсэн.

Он гарсаар БНАСАУ 3 удаа, 7 нэгж пуужин Солонгосын хойгийн Зүүн тэнгисийн чиглэлд харвасан бөгөөд САА-ийн их бууны анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулалт хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын пуужингийн болон САА анги нэгтгэлүүдийн дадлага сургуулилтын явцтай 5 удаа биечлэн танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгсөн.

БНСУ-ын хувьд “Ковид-19” вирусийн тархалттай холбоотойгоор гуравдугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг цуцлаад байна.

БНСУ-ын Хөх ордноос гуравдугаар сарын 4-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын “Ковид-19” вирусийн тархалттай тэмцэж буй үйл хэрэгт БНСУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн агуулга бүхий захидал илгээснийг хүлээн авч, хариу талархалын захидлыг илгээсэн тухайгаа мэдэгдсэн.

Хэдийгээр хоёр Солонгосын харилцаа зогсонги байдалд байгаа ч талуудын удирдагчид харилцан захидал илгээх зэргээр харилцаагаа хадгалж, цаашид хоёр Солонгосын хооронд томоохон үл ойлголцол, мөргөлдөөн үүсэх магадлал бага, харьцангуй тайван байх төлөвтэй байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet