ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Их 7”-ийн удирдагч нар Оросын армийн худалдааны төвд цохилт өгсөн явдлыг “дайны гэмт хэрэг” гэж нэрлэв

Даваа гарагт Оросын арми Украины Кременчук хотын худалдааны төв рүү пуужин харвасны улмаас 16 хүн амиа алдаж, 59 хүн шархаджээ.

Халдлага орон нутгийн цагаар 15:50 цагийн орчимд болсон бөгөөд энэ үеэр хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд 1,000 орчим энгийн иргэн байсан гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв. Түүний хэлснээр амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.

Орон нутгийн захирагч Дмитрий Лунин “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Энэ бол энгийн ард түмний эсрэг хийсэн илэрхий бөгөөд увайгүй заналхийлэл” гэж “Telegram” дээр бичээд “дайны гэмт хэрэг” гэж нэрлэжээ.

Пуужингийн цохилтын улмаас барилгад гал гарсан бөгөөд Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр галыг унтраахаар 57 анги ажиллаж байна. Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа шөнийн цагаар мөн үргэлжилжээ.

Зүүн төвийн Кременчук хот нь Оросын хяналтад байдаг бүс нутгаас 130 километр зайд оршдог.

Ерөнхийлөгч Зеленский цохилтод өртсөн худалдааны төв Оросын хувьд стратегийн ач холбогдолгүй, эзлэн түрэмгийлэгч хүчинд ямар ч аюул учруулахгүй гэж хэлээд “ердөө хүмүүсийн энгийн амьдралаар амьдрах гэсэн оролдлого эзлэн түрэмгийлэгчдийг бухимдуулж байгаа бололтой” гэж мэдэгдэв.

Тэрээр халдлагыг “Европын түүхэн дэх хамгийн увайгүй террорист үйлдлүүдийн нэг” гэж тодорхойлжээ.

Энэ үеэр Германд хуралдаж буй “Их 7”-ийн бүлгийн удирдагч нар уг халдлагыг “жигшүүртэй” хэмээн нэрлэж, буруушаав. Тэд хамтарсан мэдэгдэлдээ “Гэм зэмгүй энгийн иргэд рүү ялгаварлан гадуурхах нь дайны гэмт хэрэг мөн… Оросын Ерөнхийлөгч Путин болон буруутай хүмүүст хариуцлага тооцох болно” гэжээ.

Орос халдлагын талаар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин НҮБ-д суугаа дэд элчин сайд Дмитрий Полянский Украиныг зургадугаар сарын 28-30-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө уг явдлыг өрөвдүүлэх зорилгоор ашиглаж байна гэж буруутгав.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet