УНТЭ: Эрт илрүүлгээр иргэдийн дунд ходоодны үрэвсэл, бамбайн зангилаа болон уйланхай ихээр оношлогдож байна

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш Улcын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 640 хүн үйлчүүлж, оношлогоо, шинжилгээнд хамрагдсан байна.
Тэгвэл УНТЭ-т өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 20-27-нд нийт 98 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан бөгөөд иргэдийн дунд бамбайн зангилаа болон бамбайн уйланхай, ходоодны үрэвсэл эмгэгүүд зонхилон шинээр илэрчээ.
Үүнд:
- Бамбайн зангилаа болон бамбайн уйланхай-12,
- Ходоодны үрэвсэл-27,
- Эмэгтэйчүүдийн хавдар-1 илэрчээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн хавдар илэрсэн эмэгтэй нь 49 настай Сүхбаатар дүүргийн иргэн бөгөөд эмэгтэйчүүдийн эсийн ПАП шинжилгээгээр хавдар гэж оношлогдсон бөгөөд ХСҮТ-д хандахыг зөвлөсөн байна.
Эрт илрүүлэг нь урд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай авах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.
31-ээс дээш настай иргэдийн дунд хавсарсан оноштой иргэд дийлэнх хувийг эзэлж, нийт 24 иргэн хавсарсан өвчлөлтэй гарчээ.
46-60 насны иргэдийн дунд хавсарсан оноштой иргэдийн дийлэнх нь элэгний өвчлөл, бөөр шээсний замын сувганцрын завсрын эдийн архаг нефрит эзэлж байгаа бол 61-ээс дээш насны иргэдэд зүрхний (хурмал) дутмагшилгүй даралт ихсэх өвчин, ходоодны үрэвсэл, бодисын солилцооны хямрал хиперлипидеми, даралт ихсэх өвчин зонхилж байна.
Ташрамд, УНТЭ нь Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.

Хариулах