ДЭЛХИЙН МЭДЭЭ

ЯПОН: 500 мянган оршин суугчийн хувийн мэдээлэл бүхий “USB” карт алдагджээ

Японд нэгэн эр хагас сая хүний ​​хувийн мэдээллийг агуулсан “USB” картаа алдсан хэрэг гарчээ.

Нэр нь үл мэдэгдэх 40 гаруй настай эр Осакагаас баруун хойд зүгт орших Амагасаки хотод ажлаа тараад хамт ажиллагсадтайгаа гадуур уулзахаар болсон бөгөөд согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө зөөврийн санах ойгоо цүнхэндээ хийсэн байна.

Гэвч тэрээр орон нутгийн ресторанд хэдэн цагийн турш согтууруулах ундаа хэрэглэж, улмаар гудамжинд гараад ухаан алдаж унасан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Ухаан орох үед нь түүний цүнх, зөөврийн санах ой хоёулаа алга болсон байв.

“NHK” телевизийн мэдээлснээр тэрээр татвараас чөлөөлөгдсөн өрхүүдэд тэтгэмж олгох үүрэгтэй компанид ажилладаг байна.

Хотын удирдлагуудын хэлснээр санах ойд хотын бүх оршин суугчдын нэрс, төрсөн он, сар, өдөр, хаяг зэргээс гадна татварын дэлгэрэнгүй мэдээлэл, банкны дансны дугаар, гэр бүлийн мэдээлэл зэрэг чухал мэдээллүүд байгаа гэв.

​Азаар санах ойд хадгалсан мэдээлэл шифрлэгдсэн бөгөөд нууц үгээр түгжсэн байсан байна. Одоогоор хэн нэгэн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон шинж тэмдэг илрээгүй гэж хотын удирдлага мэдэгдэв.

Гэвч энэ “ичгэвтэр” хэрэг явдлын улмаас албаны хүмүүс, хотын дарга болон бусад удирдлагууд оршин суугчдаас уучлалт гуйсан байна.

Амагасаки хотын албан тушаалтан хэвлэлийн бага хурал дээр “Бид хотын захиргаанд итгэх иргэдийн итгэлийг ноцтойгоор хохироосондоо гүнээ харамсаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet