ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын Сенат галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төслийг баталлаа

АНУ-ын Дээд шүүх галт зэвсэг эзэмших эрхийг хязгаарласан Нью-Йоркийн хуулийг хүчингүй болгосноос хэдхэн цагийн дараа АНУ-ын Сенат галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төслийг баталлаа.

Бүгд найрамдах намын 15 гишүүн Конгрессын дээд танхим дахь Ардчилсан намын гишүүдтэй нэгдэж, 33-ын эсрэг 65 саналаар хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Байден гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэх ёстой.

Шинэ хууль тогтоомжид зааснаар 21-ээс доош насны худалдан авагчдад зориулсан шалгалтыг чангатгаж, сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр болон сургуулийн аюулгүй байдлыг сайжруулахад зориулж холбооны санхүүжилтэд 15 тэрбум доллар тусгахаар болжээ.

Түүнчлэн аюултай гэж үзэж буй хүмүүсийн галт зэвсгийг хураан авах хуулийг мужуудад хэрэгжүүлэхийг дэмжиж, санхүүжилт олгохыг уриалсан байна.

Мөн хууль ёсоор гэрлээгүй хамтрагчдаа хүч хэрэглэсэн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст буу худалдахыг хориглох талаар тусгажээ.

Сүүлийн хэдэн арван жилд анх удаа буу зэвсгийн хяналтын тухай хууль нь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намаас ийм хэмжээний дэмжлэг авч байгаа нь онцлох үйл явдал юм. Учир нь АНУ-ын галт зэвсгийн тухай хуулиудыг чангатгах хүчин чармайлтыг Бүгд найрамдах нам хааж ирсэн.

Ардчилсан Сенатын олонхын удирдагч Чак Шумер “Энэ бол галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг бүрэн шийдэх арга биш, гэхдээ зөв чиглэлд удаан хүлээсэн алхам юм” хэмээв.

Харин Үндэсний галт зэвсгийн холбоо (NRA) уг хуулийн төслийг эсэргүүцсэн байна.

Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Байден хуулийн төсөлд тусгасан саналуудыг “зөв чиглэлд чиглэсэн зөв алхам” гэж тодорхойлсон ч хангалтгүй гэж дүгнэж байв. Тэрээр автомат бууг хориглох, эсвэл худалдан авах насыг нэмэгдүүлэх зэрэг томоохон шинэчлэл хийхийг санал болгоод байгаа.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet