ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын дээд шүүх зэвсгийн хяналтын тухай хуулийг дэмжсэнгүй

Пүрэв гарагт АНУ-ын дээд шүүх галт зэвсгийн хяналтын тухай Нью-Йорк мужийн хуулийг хүчингүйд тооцож, олон нийтийн газар галт зэвсэг авч явах эрхтэй гэж мэдэгдлээ. Уг шийдвэр АНУ-ын хүн амын дөрөвний нэг орчимд нөлөөлөх төлөвтэй байна.

Нью-Йоркийн хуулиар олон нийтийн газарт биедээ галт зэвсэг авч явахын тулд иргэдийг галт зэвсэг авч явах шаардлагатайгаа нотлохыг шаарддаг байсан юм. Шүүгчид энэ шаардлагыг Үндсэн хуулийн Хоёр дахь нэмэлт өөрчлөлтөд заасан “зэвсэг хадгалах, авч явах” эрхийг зөрчсөн гэж үзжээ.

Нью-Йорктой адил хууль Калифорни, Хавай, Мэрилэнд, Массачусетс, Нью Жерси, Род Айленд зэрэг мужуудад байдаг бөгөөд Дээд шүүхийн шийдвэрийн дараа эдгээр мужийн хууль цуцлагдах төлөвтэй байна. Эдгээр мужуудад АНУ-ын хүн амын дөрөвний нэг орчим нь амьдардаг.

Ерөнхийлөгч Жо Байден Дээд шүүхийн шийдвэрт гүнээ урам хугарч байгаагаа мэдэгдээд мужуудыг шинэ хууль батлахыг уриаллаа. Тэрээр “Бидний амь нас эрсдэлд байна” гэж хэлжээ.

Харин шүүгч Кларенс Томас “Үндсэн хуулиар ‘өөрийгөө хамгаалах зорилгоор биедээ гар буу авч явах’ эрхийг хамгаалдаг. Энэ эрх нь ‘хоёрдугаар зэргийн эрх’ биш. Иргэн төрийн албан хаагчдад онцгой хэрэгцээ шаардлагаа нотолсныхоо дараа эдэлдэг үндсэн эрх гэж байдаггүй” гэж мэдэгдэв.

Зэвсгийн хяналтын бүлгүүд энэ шийдвэрийг томоохон ухралт гэж нэрлэж байна. Бреннаны нэрэмжит Хууль зүйн төвийн ерөнхийлөгч, Хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн шинжээч Майкл Уолдман энэ шийдвэрийг АНУ-ын түүхэн дэх “гал зэвсгийн эрхийг хамгийн томоор өргөжүүлсэн” Дээд шүүхийн шийдвэр байж магадгүй гэж мэдэгджээ.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын тал орчим хувь нь АНУ-д галт зэвсгийн тухай хуулийг чангатгах ёстой гэж үзсэн тухай “AP VoteCast” мэдээлэв. Харин гуравны нэг нь хуулиудыг байгаагаар нь хадгалах ёстой гэж хэлсэн бол 10 хүн тутмын нэг нь бууны хуулийг хөнгөвчлөх ёстой гэж үзсэн байна.

Он гарсаар АНУ-д 277 удаа олон нийтийг хамарсан зэвсэгт халдлага болсон нь өдөрт дунджаар нэгээс илүү тохиолдол гардаг гэсэн үг юм.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet