ШИНЭ НОМ

Books: САЛХИНД ОНООСОН НЭР

|Л.Өлзийтөгс “Салхины нэр Ө” номын тухай|

Яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгс. Энэ нэр Монголын уран зохиол, яруу найргийн төрөлд үргэлж л шинэ соргог мэдрэмж, өнгө аясыг бий болгож түүчээлсээр ирсэн билээ. Тэрээр яруу найргийн төрлөөр туурвисан найм дахь бүтээл нь “салхины нэр Ө” нэртэйгээр уншигчдад хүрээд удаагүй байна.

Мөн тэрээр яруу найргаас гадна хүүрнэл зохиолын төрлөөр “Нүдний шилэнд үлдсэн зургууд“, “Хотын үлгэрүүд” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Үзэхийн хязгаар” эсээ, “Хараацай зогсолт” хоёр дэвтэр бүхий роман бичиж уншигчдадаа хүргэсэн. Мөн зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзаны хамтаар “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Монголын сонгомол тууж” антологуудыг эрхлэн гаргаснаас гадна 2007 онд “Навчис намайг мөчир гэж бодтол…” яруу найргийн түүвэр нь солонгос хэлээр, 2017 онд “Аквариум” хүүрнэл зохиолын ном франц хэлээр, 2017 онд “Өлзийтөгсийн шүлгийн сонгомол” хятад хэлээр, 2018 онд “Хотын үлгэрүүд” хүүрнэл зохиолын бүтээл нь хятад хэлээр тус тус орчуулагджээ.

ГАНЦААРДАЛ = ЯРУУ НАЙРАГ

Анх 1995 онд хэвлэгдсэн “Тэргүүн бүлэг” номоос хойш Монголын яруу найрагт цоо шинэ өнгө аяс, хотын ахуйд тулгуурласан мэдрэмжийн шүлгүүдээ чимээгүйхэн урлаж өөрийн салбарын болоод урлагийн хүрээллийнхэнд үнэлэгдэж чадсан эмэгтэй яруу найрагч түүнээс өөр байсангүй. Сэтгүүлч Б.Ганчимэг нэгэнтээ “Чөлөөлөгдсөн амьдрал” нийтлэлдээ “Галзуурмаар энэ мөртүүдийн ганцыг нь би яагаад бичээгүй юм бол…” хэмээн дуун алдсан байдаг. Үнэхээр л тэгж дуун алдмаар, цээжин дэх түмэн навчис зэрэгцэн сэрчигнээд байгаль өөрөө яруу найраг тэрлэх шиг мэдрэмжүүд зөвхөн түүний шүлгүүдэд л бий юм шүү гэдгийг л сэтгүүлч тодорхойлсон хэрэг л дээ.

Түүний хамгийн чухаг бүтээл бол 2004 онд хэвлүүлсэн “Ганцаардлын дасгал” нэртэй түүвэр.

Энэ ном нэрнээсээ авахуулаад анхаарал татна. Хүн эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд ч тэр элдэв хөдөлгөөн, дасгал хийдэг. Харин ганцаардахын тулд дасгал хийнэ гэдэг үнэхээр содон сонсогдож байгаа биз. Уй гуниг, уйтгар, ганцаардал гээд бидний нэрлэчихсэн, түүндээ автаж суухыг огтоос хүсэхгүй эдгээр зүйлсийг яруу найрагч л өөрөөр сэрж мэдэрч, бүр автахыг тулд дасгал хийж тэгээд шүлэг бичдэг хэрэг үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Мэдээж энэ бодол 2004 онд цав цагаан хавтасны голоор шулуун таталсан хар зураасны нэг захаас алхан гарч ирэх хүний зурагтай тус номыг хавтас, нэрийг хараад л тэр даруйд төрсөн юм.

Угаас тус номын өмнөтгөлд зохиолч Г.Аюурзана “Яруу найраг бол үнэндээ ганцаардаж чадахын төлөөх уйгагүй эрэл, хичээл, дасгал юм. Өлзийтөгсийн зогсолтгүй эрэл хайгуул ганцаардал хийгээд яруу найргийн аглагт түүнийг хөтлөн авчирчээ” хэмээсэн нь бий.

Шүлэг бүрээс л нэг тийм нам гүмхэн ганцаардлын чимээ мэдрэгдэнэ. Өөрийгөө тэр уул болгож, устай хамт урсгаж, намрын навчистай цуг хийсгэн, зуны бороотой шиврүүлж, өвлийн цастай цуг будруулж байсан бол энэ номонд цул биеэрээ ганцаардал болоод хувирчихсан шиг санагддаг. Хувь хүн болоод яруу найрагчийнхаа хувьд байж болох хамгийн гоё өмсгөл, нэрийг тэр өөртөө өгсөн нь “Ганцаардлын дасгал” байсан билээ.

НОМЫН БҮХЭЛЛЭГ ЧАНАР

Л.Өлзийтөгсийн ном бүхэн өөрийн гэсэн цогц хэмнэл, бүхэллэг чанартай. Тиймдээ ч зарим судлаач, шүүмжлэгчид түүний аль нэг түүврийг голчлон барьж аваад өөрийгөө “давтсан” хэмээн тодорхойлох нь бий. Үнэндээ аливаа нэг бүтээл өөрийн дотоод “би” болоод ухамсрын хосолмол шинжтэйгээр туурвигдана. Түүнээс биш олон эрээвэр, хураавар зүйлсийн цуглуулга биш гэдгийг Л.Өлзийтөгс яруу найраг, эсээний номоороо ч тэр харуулж чадсан. 2002 онд хэвлэгдсэн “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” түүвэрт нь мэдрэмжийн гэгээлэг өнгө аяс, хөгжимлөг шүлгүүд дамавгайлах бөгөөд уран зураг, тоочмол бичлэгийн нэгэн цул бүхэллэг чанар агуулагдаж байлаа. Харин сүүлд “Төсөөллийн өрөөнд” бүтээлээ хэвлүүлснээс даруй зургаан жилийн дараа буюу 2015 онд түүний яруу найргийн түүвэр “Толинд туссан Будда” нэртэйгээр хэвлэгдсэн. Энэ номын шүлгүүд илүүтэй бясалгалын шинжтэй байв.

Харин энэ онд гарсан шинэхэн түүвэр нь “Салхины нэр Ө”. Тэр өөртөө, магадгүй энэ удаад бичсэн шүлгүүддээ ахиад шинэ нэр өгчээ. Тиймээс л шүлгүүд нь илүү эрчимлэг, дүрслэлүүд нь Өлзийтөгсийн л гэмээр хөдөлгөөнтэй болов уу гэсэн бодол эхлээд төрөв. Уг номыг яруу найрагч өөрөө Нобелийн шагналт яруу найрагч Пабло Нерудагийн мөн энэ онд А.Гэгээгийн хөрвүүлгээр уншигчдад хүрсэн “Асуултын ном”-той хүүрнэсэн “Хариултын ном” хэмээсэн байна.

Яруу найрагч, яруу найрагчтай ярилцсан ном. Тиймдээ ч бас л нэгэн цул бүхэллэг чанар агуулахаас гадна уншигч номын төгсгөлд өөрийн гэсэн цогц санааг бий болгож чадна гэсэн үг.

ҮРГЭЛЖ ХҮҮХДЭЭРЭЭ

Тийм ээ, энэ ном бол асуулт хариултын яруу найраг. Л.Өлзийтөгсөөс л гарч болох бас нэгэн шинэлэг санаа. Ер нь хэдэн найрагч Нерудагийн асуултын номыг уншчихаад хариултын ном, тэр тусмаа яруу найргаар хариулсан ном бичие гэж бодох чадах вэ? Магадгүй тэр л ганцаараа ингэж сэтгэх байх.

Нерудагийн “Асуултын ном” нь уншигчаас, эсвэл өөрөөсөө, бүр хүн төрөлхтнөөс асууж буй асуултаар дүүрэн. Мэдээж яруу найргийн хэлээр шүү дээ. Энэ тухай Л.Өлзийтөгс номын бяцхан намтартаа “Асуултын ном”-ын хуудас бүрээс нэг мөр сонгож эшлэл болгоод, тодруулбал, өнөөх мөртэй холбоотой юм уу эсвэл бараг хамааралгүй, зэрэгцээ, шинэ шүлгүүд бичье хэмээн шийдсэн минь ямар ч сэдвээр, хэдийд ч бичиж чадах эсэхээ сорих гэсэн хүүхдэрхэг оролдлого юм уу даа” хэмээн дурдсан нь бий.

Үнэхээр л “Салхины нэр Ө” номын шүлгүүд нь өнөөх “Толинд туссан Будда” шиг дотогш бясалгасан, амьдралын олон өнгийг туулчихаад өөртэйгөө ярилцаж суугаа насжуу эмэгтэйнх бус хүүхдийн гэмээр цайлган төсөөллүүдээр баялаг. Гэтэл энэ түүний 50 насны яруу найраг шүү дээ. Тэр найрагч хэвээрээ байгаа шалтгаан өөрийнх нь бичсэн “Үргэлж хүүхдээрээ” шүлэг шиг үргэлж үнэн, ариун, төсөөллийн баялаг ертөнцтэйнх нь болов уу гэж санана.

“…Ус яаран урссаар тэнгэрт хүрдгийг бахдах л гэж
Уулс шөнөөр суниахдаа үүлсээр татуулдгийг үзэх л гэж…” 

Түүний төсөөлөл, энэхүү шүлэг нь яг л “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ыг бичиж байсан тэр Өлзийг санагдуулна. Ус газар цуулан урссан ч тэнгэр өөд л тэмүүлэн зүтгэдэг байх нь. Усанд ч бас тэнгэр өөрөө багтдаг шүү дээ. Тэгвэл яг л уг мөрийг утгаас гажаалгүйгээр өөрт төрсөн цул мэдрэмжийг агуулсан үргэлжлэл нь уулс шөнөөр суниаж биеийн хөшөөгөө гаргахдаа үүлсээр татуулдаг гэсэн жаахан хүүхдийн яриа шиг л тийм гэгээн төсөөлөлд хүргэж байна.

Энэ мэтчилэн жишээ татах шүлгүүд “Салхины нэр Ө” номонд олон ч гэсэн тэр бүгдийг нуршин дурдах аргагүй.

САЛХИНД ӨГСӨН НЭР

Яруу найрагчдаас магадгүй тэр л салхи, цас, бороо зэрэг байгалийн олон янз үзэгдэлд нэр өгсөн болов уу. Гол нь дандаа шинэ нэр. Анх хүмүүс байгалийг байгаль хэвээр нь дүрслэн өгүүлж байсан бол Өлзийтөгсийн шүлгэнд модод хүн шиг гуниглаж, цасан ширхгүүд жигүүр урган нисэлдэж байлаа.

“Шар айрагны хөөсийг ганцаардлаар хэмждэг тэр!
Шаналал зовлонгоо харин халбагаар хэмждэг тэр!
Шал согтуу намраар хундаганы анд хийгээд
Шарх, сорвио үргэлж дурсамжаар эмждэг тэр!” 

Дурсамж хүчтэй байх тусмаа хүчтэй бүтээл бийрлэх шиг санагддаг. Тэгвэл шарх, сорвийг ч мөн дурсамжууд л амьд байлгаж, эмжиж оршино. Мэдээж Ө нэртэй яруу найрагч салхин тийн дуулжээ. Цаашилбал:

“…Түгжирсэн замаар холхих үхэгсдийн хий үзэгдлүүдийн
Төрлөө олохгүй зүдсэн, төөрдөг, ханан хонгилуудын
Гүний гүнээс ханхлах шээсний эхүүн үнэрээр
Гүйцэд биш амьсгалах моддыг өрөвдөхийн учир…” 

Эхүүн үнэрээр амьсгалж буй моддыг өрөвдөх найрагч. Өлзийтөгсийн мэдэрч чадах мэдрэмжүүд уг номонд бий. Нэгэн цаг хугацааны чиглэлд түгжрээд гацчихсан мэддэг энэ амьдрал. Хотын байшин, булан бүрээр төрлөө олоогүй сүнсүүд тэнүүчилж явдаг болов уу. Гэхдээ найрагч тэднийг бус тоос шороонд дарагдаж, мөчир нь гудайсан моддыг өрөвдөхийн учир дээрх мөрүүдийг бийрлэсэн мэт санагдана. Тиймдээ ч мөн “үүрийн одод жиргэн дуулахыг” сонсож чадсан биз.

“…Намайг үхчихээр, чамайг явчихаар
Бидний хайр нас нэмнэ
Биелсэн домог болно.

Үүрд үргэлжлэх үлгэр шиг
Үнснээсээ сэрэх галт шувуу шиг…” 

Хагацалын хойно ч учрал байдаг гэдэг шиг хэн нэгний бүтээж чадсан хайр үүрд үргэлжилж, тэгээд домог болон үлдэнэ, үргэлж нас нэмсээр байдаг гэдгийг тэр л мэднэ. Тиймдээ ч түүний 50 насны шүлгүүд ч бийрлэсэн орон зай, төсөөллийн гүн зүүд шиг ертөнцөд уншигчдаа хөл тавиулж чадсаар байна. Тэр байгалийн юмс үзэгдлийг хүншүүлж, түүнээс өөрийгөө, өөрийнхөө ганцаардлыг хайж эхэлсэн. Үүнтэй адилаар мөн салхинд “Ө” гэдэг нэр өгчээ. Тэр салхи нь мэдээж Өлзийтөгс.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet