ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ирэх өвөл Орос Европ руу нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож магадгүй

Орос энэ өвөл Европт хий нийлүүлэхээ зогсоож магадгүй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн анхаарууллаа. Фатих Бирол тус улсыг хийн нийлүүлэлтээ бүрэн хаах магадлал бага боловч Европ ямар ч тохиолдолд төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнө Европ байгалийн хийнийхээ 40 орчим хувийг Оросоос импортолдог байсан бол одоо 20 орчим хувь болж буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросоос Европ руу чиглэсэн “Хойд урсгал 1” хийн хоолойн урсгал хүчин чадлынхаа дөнгөж 40 хувьтай тэнцэж байжээ. Орос үүнийг техникийн асуудалтай холбон тайлбарлаж байгаа бол уг тайлбарт олон шинжээч эргэлзэж байна.

Баасан гарагт Италийн эрчим хүчний “Eni” фирм Оросын төрийн хяналтад байдаг байгалийн хийн “Газпром” компаниас хүлээж байсан хийнийхээ тал хувийг авсан гэж мэдэгдсэн бол Словак, Австри улс мөн хийн нийлүүлэлт багассаныг мэдэгдэж байна.

Франц улс зургадугаар сарын 15-наас хойш Оросоос хий хүлээн аваагүй гэж мэдэгдсэн бол Польш, Болгар, Финланд, Дани, Нидерланд улс хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлагаас татгалзсан тул Орос хийн нийлүүлэлтээ зогсоогоод байгаа.

Орос сүүлийн үед байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулж байгаа нь “бодлогын чанартай” алхам гэж Бирол үзэж байна. Хийн нийлүүлэлт буурснаар Европын орнуудын өвлийн улирлын бэлтгэл болох хийн нөөц бүрдүүлэх үйл явцад хүндрэл учраад байна.

Бирол “Орос улс энд тэнд янз бүрийн асуудлын араас хөөцөлдөж, Европ руу нийлүүлэх хийн хэмжээгээ цаашид бууруулах, бүр бүрмөсөн зогсоох шалтаг хайсаар байхыг би үгүйсгэхгүй” гэжээ.

Өнгөрсөн сард Европын орнууд хийн үнийн хэлбэлзлээс урьдчилсан сэргийлэхийн тулд нөөцөө нэмэгдүүлж, агуулахын дүүргэлтийг арван нэгдүгээр сар гэхэд 80 хувьд хүрэхээр тохиролцсон бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр энэ нь 55 хувьд хүрсэн байна.

Бирол хийн хямралыг даван туулахын тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээг нэмэгдүүлэх, боломжтой бол атомын цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгах, эрэлтийг бууруулах зэрэг богино хугацааны яаралтай арга хэмжээ авахыг дэмжжээ.

Хэрэв Орос байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоовол эрс арга хэмжээ авах шаардлага тулгарч магадгүй гэж тэрээр хэлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet