ДЭЛХИЙН МЭДЭЭ

Афганистанд газар хөдөлсний дараа талибанчууд олон улсаас тусламж хүслээ

Лхагва гарагт Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1,000 гаруй хүн нас барж, 1,500 гаруй хүн гэмтэж, олон тооны барилга нураад байна. Гамшгийн хор уршгийг арилгахын тулд талибанчууд олон улсаас дэмжлэг хүсжээ.

Зүүн өмнөд хэсэгт орших Пактика муж хамгийн их хохирол амссан байна. НҮБ яаралтай хоргодох байр, хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа боловч хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэл учирчээ.

Лхагва гарагийн газар хөдлөлтийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улсад болсон хамгийн аймшигтай газар хөдлөлт гэж тодорхойлж байгаа бөгөөд өнгөрсөн жил барууны дэмжлэгтэй засгийн газрыг түлхэн унагаж эрх мэдлийг өөртөө авсан Талибаны хувьд томоохон сорилт болж байна.

Газар хөдлөлт Хост хотоос 44 км зайд болсон бол чичиргээ нь Афганистаны нийслэл Кабул болон Пакистаны нийслэл Исламабад, Энэтхэгт хүртэл мэдрэгджээ.

Талибаны өндөр албан тушаалтан Абдул Кахар Балхи “Харамсалтай нь хориг арга хэмжээнд өртсөн байгаа тул засгийн газар ард түмэнд шаардлагатай хэмжээгээр туслах санхүүгийн боломжгүй байна” гэж мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлээд “Энэ бол олон арван жилийн турш тохиолдож байгаагүй аймшигт газар хөдлөлт учраас тусламжийг маш их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.

Одоогоор нурангид дарагдсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна. НҮБ болон хөрш Пакистан дахь тусламжийн агентлагууд эмнэлгийн багийг байршуулах, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг хүмүүнлэгийн ажилд тусалж байгаа аж.

Газар хөдлөлтийн дараа гар утасны цамхгууд эвдэрч холбоо тогтооход хүндрэлтэй байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Афганистан нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсад газар хөдлөлтийн улмаас 7,000 гаруй хүн амиа алдсан гэж НҮБ мэдээлэв. Тус улсад газар хөдлөлтийн улмаас жилд дунджаар 560 хүн нас бардаг байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын баруун хэсэгт дараалсан газар хөдлөлт болсны улмаас 20 гаруй хүн амиа алдаж, олон зуун байшин барилга нурсан билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet