ДЭЛХИЙН МЭДЭЭ

Финландын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч: Хэрэв Орос улс бидэн рүү дайрвал бид тулалдахад бэлэн байна

Финланд улс Оросын довтолгоонд олон арван жил бэлдсэн бөгөөд хэрэв ийм зүйл тохиолдвол хатуу эсэргүүцэл үзүүлнэ гэж тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч мэдэгдэв.

Тус улс ихээхэн хэмжээний зэвсгийн нөөцтэй, гэхдээ цэргийн техник хэрэгслээс гадна Финландчууд тулалдах хүсэл зоригтой байх нь чухал хүчин зүйл гэж генерал Тимо Кивинен хэлэв.

Тэрээр ярилцлагадаа “Хамгийн чухал хамгаалалтын шугам бол хүсэл зориг гэдгийг яг одоо Украинд болж буй дайн харуулж байна” гэжээ.

Финланд улс Оростой 1,300 км хиллэдэг бөгөөд хөршийнхөө эсрэг 1940-өөд онд хоёр удаа дайн хийж байжээ.

Тус улс НАТО-д нэгдэхээс татгалзсаар ирсэн ч хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу түрэмгийлсний дараа Оросын хүчин Финланд руу мөн дайрч магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс НАТО-гийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргаад байна.

Кивинен ярилцлагадаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш цэргийн бэлтгэлээ өндөр түвшинд байлгасаар ирсэн тухай дурдаад “Украины нутаг дэвсгэрт галын хүч, хуягт хүчин, мөн агаарын цэргийн хүчийг асар их хэмжээгээр ашиглаж байгаа шиг ийм төрлийн дайнд зориулж бид цэргийн хамгаалалтаа системтэйгээр хөгжүүлсэн” гэж мэдэгдэв.

“Украин Оросын хувьд амаргүй даваа байсаар ирсэн, Финланд ч мөн адил байх болно.”

Финланд улс ЗХУ-ын эсрэг хоёр дайнд 100,000 орчим хүн болон газар нутгийнхаа аравны нэгийг алдаж байв.

Харин одоо 5.5 сая хүн амтай тус улсын дайны хүчин чадал 280,000 орчим, бэлтгэгдсэн армийн нөөц 870,000 орчим болжээ. Мөн тус улс Европын хамгийн хүчирхэг их бууны нэгийг байгуулж, 370 км тусгалтай далавчит пуужингуудыг нөөцөлсөн байдаг.

ДНБ-ийхээ хоёр хувийг батлан ​​хамгаалахад зарцуулдаг нь НАТО-гийн олон орноос өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн АНУ-ын батлан ​​хамгаалахын “Lockheed Martin” компанид дөрвөн шинэ байлдааны хөлөг онгоц, 64 ширхэг “F-35” сөнөөгч онгоц захиалсан байна. Мөн 2,000 нисгэгчгүй онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж захиалахаар төлөвлөж байгаа бөгөөд Оростой хиллэдэг хилийн зурвас дээр хаалт барьж байгаа.

Тавдугаар сарын 18-нд Батлан ​​хамгаалах яамнаас явуулсан санал асуулгад оролцогчдын 82 хувь нь Финланд халдлагад өртвөл үндэсний батлан ​​хамгаалах үйлсэд оролцоход бэлэн байна гэж хариулжээ.

Кивинен НАТО-д гишүүнээр элссэнээр Финланд улс эрт сэрэмжлүүлэх чадавхаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэсэн ч “Финландын батлан ​​​​хамгаалах гол үүрэг хариуцлагыг Финланд өөрөө үүрэх болно” гэж тэрээр мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet