Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 2,800 иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ

Гэрэл зургийг MPA.mn
Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай ажлын уулзалт хийж, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг хэрхэн арилгах талаар ярилцлаа.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох нарын албаны хүмүүс оролцов.
Богдхан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгох, аялал жуулчлалын кэмп барина гэж зөвшөөрөл гаргуулаад зориулалтыг нь өөрчлүүлж, орон сууц баригддагаас үүдэн хотын захиргаа ба яам хоёрын дунд зөрчилтэй асуудал үүсдэг нь олонтаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Шударга байдлын үнэлгээ”-гээр өнгөрсөн онд улсын хэмжээнд сүүл мушгисан тул нэлээд олон зүйлийг засаж залруулах шаардлагатайг салбарын сайдын зүгээс хэлээд өнгөрсөн таван сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүлээж авах системийг цахимжуулсан, цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвшөөрлийг олгохдоо хүний нөлөө орохоос сэргийлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулав.
Авлигатай тэмцэх газар 2020 оноос цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг тусгайлан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн 9 хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс харьяаллын дагуу шалгаж байна. Одоогийн байдлаар Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 2,800 иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүний 660 орчим нь зөрчилтэй бөгөөд 280 гаруйг нь яамнаас цуцалжээ.

Хариулах