ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины төлөө тулалдсан гадаад цэргүүдэд Донецкийн шүүх цаазын ял оноов

Украины төлөө тулалдаж байгаад олзлогдсон Британийн хоёр, Мароккогийн нэг иргэнд Украины зүүн нутаг дахь Оросыг дэмжигч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүх цаазын ял оноолоо.

Оросын төрийн хэвлэлийн мэдээлснээр Британийн иргэн Айден Аслин, Шон Пиннер болон Мароккогийн Брахим Сааудун нарыг хөлсний цэрэг, эрх мэдлийг хүч хэрэглэн булаан авсан, террорист үйл ажиллагаа явуулах бэлтгэл сургуулилтад хамрагдсан хэргээр буруутгасан байна.

Өөрийгөө тунхагласан тус улсын шүүх олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд Их Британи, Украин улсууд дайны олзлогдогсдыг хамгаалах олон улсын хуулийг зөрчсөн гэж шүүхийн шийдвэрийг буруутгаж байна.

Британийн хоёр иргэний гэр бүлийнхэн тэднийг Украины армид олон жил алба хаасан, хөлсний цэрэг биш гэж мэдэгдсэн ба шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөсөн тухай өмгөөлөгч нь мэдэгджээ.

Их Британийн засгийн газар өөрийн улсын иргэдээ суллахын тулд Украинтай хамтран ажилласаар байгаа гэв. Дайны олзлогдогсдыг “улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлээд, Женевийн конвенцид заасан дайны хуулиудыг онцлон тэмдэглэжээ.

Гадаад хэргийн сайд Лиз Трасс энэ ялыг буруушааж, “ямар ч хууль ёсны үндэслэлгүй шүүлт” гэж тодорхойлов.

Мөн Украины Гадаад хэргийн яам Украины армийн төлөө тулалдаж байгаа гадаадын бүх иргэд олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу олзлогдогчийн эрх эдлэх бөгөөд Орос улс тэднийг хүчирхийлэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус авирлах нь хориотой гэжээ.

Харин шүүгчдийн зөвлөлийн дарга Александр Никулин “Шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн тогтоосон хэм хэмжээ, дүрмийг төдийгүй шударга ёсны гол, халдашгүй зарчмыг баримталсан” гэж хэлснийг Оросын төрийн “Интерфакс” агентлаг мэдээлжээ.

Их Британийн Гадаад харилцааны хорооны дарга Том Түгэндхат Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг “өс хонзонгийн сэдэлтэйгээр цэргүүдийг барьцаалж байна” гэж буруутгасан бол шинжээчид шүүхийн шийдвэрийг Украинд цэргийн дэмжлэг үзүүлж буй Их Британийн засгийн газарт дарамт үзүүлэх Кремлийн тактик бөгөөд БНДАУ-ын албан тушаалтнууд Путинээс шууд тушаал авдаг гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet