ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европын холбоо Оросыг дэлхийн хүнсний хямралд буруутгасны дараа эсэргүүцэлтэй тулгарав

Даваа гарагт Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Орос улс Украинд түрэмгийлснээр дэлхийн хүнсний хямралыг өдөөж байна гэж буруутгасны дараа НҮБ-д суугаа Оросын Элчин сайд Василий Небензя хуралдааныг орхин гарч, эсэргүүцэл үзүүлэв.

Мишель мөн Оросын цэргүүдийг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллүүдийг иш татан, эдгээрийг “эрүү шүүлт, терроризм, хэлмэгдүүлэлтийн тактик” гэж тодорхойлсон байна.

Мишель Аюулгүйн зөвлөлд “Оросын Элчин сайд аа, үнэнийг хэлэхэд Кремль хүнсний хангамжийг хөгжиж буй орнуудын эсрэг далд пуужин болгон ашиглаж байна. Оросын дайны асар том үр дагавар дэлхий даяар тархаж, энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөж, хүмүүсийг ядуурал руу түлхэж, бүс нутгийг бүхэлд нь тогтворгүй болгож байна. Энэхүү хүнсний хямралыг зөвхөн Орос хариуцах ёстой” гэж хэлсэн байна.

Мөн Оросын тэнгисийн цэргийн бүслэлтийн улмаас Украины Одесса боомтод хэдэн сая тонн үр тариа гацсаныг өөрийн нүдээр харсан гэж хэлэв. Түүнчлэн Оросыг Украинд үр тариа хулгайлж, газар тариалан, ургац хураалтад саад болж байна гэж буруутгажээ.

Уг мэдэгдэлд ихэд бухимдсан Небензя Аюулгүйн зөвлөлийн танхимыг орхиод, орос цэргүүдийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгаж буйг эрс няцааж, Мишелийг худал мэдээлэл тарааж байна гэж буруушаасан байна.

Танхимаас гарсныхаа дараа Небензя “Reuters” агентлагт хэлэхдээ “Чарльз Мишелийн тарааж буй худал хуурмагийн улмаас би дотор үлдэж чадсангүй” гэж хэлжээ.

Харин Мишель Небензяг гарч явахтай зэрэгцэн түүнд хандан “Та өрөөнөөс гарч болно, магадгүй үнэнийг сонсохгүй байх нь танд илүү хялбар санагдах байх” гэж хэлсэн байна.

Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн нь үр тариа, ургамлын тос, түлш, бордооны үнэ огцом өсөхөд хүргэж, дэлхийн хүнсний хямралыг өдөөсөн билээ. Орос, Украин улсууд дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн бараг гуравны нэгийг бүрдүүлдэг бол Орос улс бордоо, харин Украин эрдэнэ шиш, наран цэцгийн тосны томоохон экспортлогч орон юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet