ДЭЛХИЙН МЭДЭЭ

ФРАНЦ: Шөнийн цэнгээний газарт эмэгтэйчүүдийн биеийг зүүгээр хатгасан 300 гаруй хэрэг бүртгэгдлээ

Сүүлийн саруудад Франц даяар 302 хүн шөнийн цэнгээний газар эсвэл тоглолтын үеэр зүүгээр хатгуулсан тухай цагдаад мэдээлсэн байна.

Эмч нар болон прокурорууд энэ хэрэг дээр ажиллаж байгаа ч одоогоор хэн, ямар шалтгаанаар үүнийг хийж байгаа, хохирогчдод хар тамхи тарьсан эсэх, эсвэл ямар нэгэн бодис тарьсан эсэх нь тодорхойгүй байна.

Тавдугаар сарын 4-нд 18 настай нэгэн хохирогч Францын Лилль хотод хөгжмийн тоглолтод оролцсоны дараа түүний толгой эргэж, өвдөж байсан бол гар нь хөхөрч, зүүгээр цоолсон мэт ул мөр үүссэн байжээ. Маргааш өглөө нь шинж тэмдгүүд арилаагүй тул хохирогч эмчид хандсан байна. Тэрээр яаралтай тусламжийн тасагт очсон бөгөөд эмч нар түүнийг зүүгээр хатгуулсан болохыг батлаад, ХДХВ, элэгний халдвар илрүүлэх шинжилгээ авчээ. Түүний шинжилгээний хариу бусад хохирогчдын адил сөрөг гарсан байна.

Францын Парис, Тулуз, Нант, Нанси, Рен болон бусад хотод өөр олон хүн зүүнд хатгуулсан тухай мэдээлжээ. Хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа ба зүүний харагдахуйц ул мөртэй, тухайн хэсэг нь ихэвчлэн хөхөрсөн, мөн толгой эргэх, зарим тохиолдолд ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

Францын үндэсний цагдаагийн агентлаг зүүнд хатгуулсан гэх албан ёсны 302 гомдолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ч сэжигтэн баривчлагдаагүй, зүү олдоогүй, сэдэл нь тодорхойгүй хэвээр байна. Хохирогч нар бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэв.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Францын Дотоод хэргийн яам энэ сард үндэсний сурталчилгааны кампанит ажил эхлүүлж, цагдаа нар ухуулах хуудас тарааж, клубийн эзэдтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Францаас гадна Их Британи, Бельги, Нидерландын цагдаа нар үүнтэй төстэй хэргүүдийг шалгаж байгаа гэнэ.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сар орчимд коронавирусийн хязгаарлалтыг хөнгөвчилсний дараа их сургуулиудын хичээл эхлэх үед Их Британид 1,000 орчим зүүнд хатгуулсан гэх гомдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Бельгид шөнийн цэнгээний газар, хөл бөмбөгийн тоглолт болон бахархлын жагсаалын үеэр ижил төстэй хэргүүд бүртгэгджээ.

Эдгээр орнуудын эрх баригчид зүүнд хатгуулсан байж болзошгүй хүмүүсийг яаралтай эмнэлэгт хандаж, шинжилгээнд хамрагдахыг уриалжээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet