Live
ХҮҮХЭД

ФОТО: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ЗУРАГЛАЛ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ. Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниулсан юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг зохион байгуулж байна.

2022 оны зургадугаар сарын 1. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн улсын нэг юм. Нийслэлийн хүн амын 38 хувийг хүүхэд эзэлж байна. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд ажиллаж, амьдарч байгаа орчноо эрсдэлгүй болгоход анхаарч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг тань хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг гэдгийг бодолцон зөвөөр үлгэрлэж, зөөлнөөр хүмүүжүүлж, зөвлөн туслахыг эрхэмлэхийг та бүхэндээ уриалж байна” хэмээлээ.

Мөн Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлж буй юм.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Өнөөдрийн арга хэмжээнд 1000 гаруй хүний бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бүтэн сарын хугацаанд бэлтгэл хангасан. Хүүхдийн ордноос Шангри-Ла худалдааны төв хүртэлх замыг хааж, “Хүүхдийн ертөнц” гудамжны фестивалийг анх удаа зохион байгуулж байна. Монголын хүүхдийн ордон 63 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааныг 59 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 270 орчим бүтээл ирснээс 32 хүүхэд өнөөдөр шагналаа гардаж байна” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жилд 4000 гаруй хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийг хүссэн чиглэлээр нь сургалтад хамруулахын зэрэгцээ олон улсын арга хэмжээнүүдэд оролцдог. Сүүлийн жилүүдэд ковидтой холбоотой суралцагчид багассан ч гэлээ 80 гаруй хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцжээ.

2022 оны зургадугаар сарын 1. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Гар зургийн уралдаанд шилдгээр шалгарсан О.Тайванжаргал 102 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагч. Тэрбээр “Миний мөрөөдөл” сэдвээр зураг зурж, тэргүүн байрт шалгарчээ. О.Тайванжаргал “Би өөрийгөө арай ч түрүүлнэ гэж бодоогүй. Хоёр юм уу, гуравдугаар байр эзэлнэ гэж бодож байлаа. Зураг зурж, дэлхийгээр аялж, алдартай зураач болно гэж мөрөөддөг тухайгаа зурсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын гала тоглолт болж, энэ үеэр хүүхдүүдийн төлөөлөлд гарын бэлэг гардуулсан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet