БАЙГАЛЬ ОРЧИН

Минжийн застав орчим руу ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав.

Өнөөдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан 5 алба хаагч, нийт 7 алба хаагч түймрийн голомт руу нисээд байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийнхан түймрийн голомтыг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдэж, Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай, ОХУ талдаа шаталт их явагдаж байгаа, түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан, нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгджээ.

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын онцгой байдлын албаны хамтран хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд “Airbus EC-145 T-1” загварын 2 нисдэг тэрэг оруулж ирээд буй. Нисгэгчдийг сургаж дадлагажуулах ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн Минжийн хангайн гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 70 түймэр дэгдээд буй.

Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын талтай цаг тухай бүрт нь холбогдон түймрийн голомт, хамрах хүрээ ямар байгаа талаарх бодит мэдээллийг солилцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан төлөвлөж, бэлтгэлтэй байх нь чухал. Хамгийн гол нь түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хүн хүч, техник төхөөрөмж, хувцас хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх ёстой. Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэд, олон нийт агаар салхинд гарах, амарч зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй байна” хэмээн даалгасан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet