COVID-19

Их Британи улс өвлийн улирлаас өмнө Ковид-19 вакцины тав дахь тунг хүн амын тодорхой бүлэгт хийж эхэлнэ

Их Британийн Вакцинжуулалт, Дархлаажуулалтын хамтарсан хорооноос вируст өртөх хамгийн эрсдэлтэй бүлгийн насанд хүрэгчид болон нийгмийн халамж, эрүүл мэндийн ажилтнуудыг намар вакцины нэмэлт тунд хамруулах төлөвлөгөөг зарлалаа.

Цаашид ковидын дэгдэлт гарах эсэх, байдал хэр хүндрэх зэргийг тодорхойлох боломжгүй ч вирусийн аюул өвлийн саруудад хамгийн өндөр байх болно гэж тус хороо үзэж байна.

Нэмэлт вакцинжуулалтад Их Британийн 25 сая гаруй хүн хамрагдах тооцоо гаргажээ. Үүнд, асрамжийн газрын ахмад настнууд, тэндхийн ажилчид, эрүүл мэнд болон нийгмийн халамжийн үйлчилгээний ажилчид, 65 ба түүнээс дээш насны бүх хүн, эмнэлзүйн эрсдэлт бүлэгт багтдаг 16-64 насны насанд хүрэгчид багтсан байна.

“Өнгөрсөн намрын нэмэлт вакцинжуулалтын хөтөлбөр нь хүнд хэлбэрийн Ковид-19, тэр дундаа ‘Омикрон’ хувилбараас маш сайн хамгаалсан” гэж тус хорооны Ковид-19-ийн вакцинжуулалтын дарга, профессор Вэй Шен Лим хэлэв.

Ноттингемийн их сургуулийн молекул вирус судлаач, профессор Жонатан Болл энэхүү алхмыг сайшаан хүлээн авчээ. “Вакцин хийлгэсний дараа эсвэл халдвар авсны дараа Ковид-19-ийн дархлаа цаг хугацааны явцад буурдаг гэдгийг бид мэдэж байгаа тул хүнд хэлбэрийн Ковид-19-ээр өвчлөх эрсдэл өндөр байгаа хүмүүст вирусийн тархалт сэргэдэг намар, өвлийн саруудаас өмнө нэмэлт тун тарих нь зөв алхам” гэж хэлэв.

Их Британийн хүн амын гуравны нэгээс илүү хувийг хамрах намрын вакцинжуулалтад “Pfizer” болон “Moderna” вакцинуудыг ашиглахаар төлөвлөжээ.

Хаврын вакцинжуулалтад 75-аас дээш насныхныг хамруулсан бөгөөд эдгээр хүмүүсийн хувьд намар хийлгэх нэмэлт вакцин нь тав дахь тун болох юм.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet