COVID-19

Хойд Солонгос Ковид-19-ийн эмчилгээнд зөгийн бал, цагаан гаатай цай, бактерийн сэрэг эмнүүд ашиглаж байна

2020 оны эхээр тахал өвчнөөс тусгаарлахын тулд хилээ битүүмжилсэн Хойд Солонгост саяхан ковидын анхны тохиолдол бүртгэгдсэн.

Тус улсын хүн ам вакцин хийлгээгүй төдийгүй эмнэлгийн дэд бүтэц муу, эм эмийн хэрэгслийн хүртээмж тааруу зэргээс  цар тахлын дэгдэлт тус улсад хүнд цохилт болно гэж гадны шинжээчид үзэж байна.

Гэсэн ч засгийн газар нь гадны эмнэлгийн тусламжаас өнөөг хүртэл татгалзсаар байгаа юм.

Одоогоор 25 сая хүн амтай тус улсын хоёр сая гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлж байгаа ч эдгээрээс хэд нь ковидын шинжилгээгээр эерэг гарсан талаар тодорхойгүй байна.

Төрийн мэдээллийн “KCNA” агентлагийн мэдээлснээр пүрэв гарагт халуурах шинж тэмдэгтэй 263,370 хүн бүртгэгдэж, хоёр хүн нас барснаар нийт нас баралт 65-д хүрсэн байна.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хойд Солонгос вирусийн эсрэг тэмцэл “сайн үр дүнд” хүрч байна гэж мэдээлж байгаа бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар эдгээж байгааг дурджээ.

Халуун ундаа – Эрх баригч намын “Rodong Simnun” сонинд мэдээлснээр өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа хүмүүст цагаан гаа эсвэл зөгийн балтай цай, уд модны навчаар хийсэн ундаа зэрэг эмчилгээг зөвлөж байгаа аж.

Халуун ундаа нь хоолой өвдөх, ханиалгах зэрэг ковидын зарим шинж тэмдгийг тайвшруулж, өвчтөн хэвийн хэмжээнээс илүү шингэн алдаж байгаа үед шингэн нөхөх үйлчилгээтэй.  Мөн цагаан гаа, уд модны навч нь үрэвслийн эсрэг, өвдөлтийг намдаадаг байна.

Гэвч эдгээр нь вирусийн эсрэг эмчилгээ биш юм.

Давсны уусмал – Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл саяхан өглөө оройд давсны уусмалаар ам, хамраа зайлахыг зөвлөсөн байна. Мөн халдварын эсрэг уусмал бэлтгэх зорилгоор Пхеньян руу мянган тонн давсыг илгээсэн гэж мэдээлжээ.

Давсны уусмалаар амаа зайлж, хамраа цэвэрлэх нь ханиад үүсгэгч вирусийг устгахад тусалдаг ч ковидын тархалтыг удаашруулж байгааг нотлох баримт бага байгаа юм.

Өвдөлт намдаах эм, антибиотик – Төрийн телевизээр өвчтөнүүдэд ибупрофен зэрэг өвдөлт намдаах эм, амоксициллин болон бусад антибиотик хэрэглэхийг зөвлөжээ.

Ибупрофен (мөн парацетамол) нь температурыг бууруулж, толгой өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг бууруулдаг.

Гэхдээ вирусийг устгаж, тархахаас сэргийлж чаддаггүй. Мөн антибиотикийг вирус биш бактерийн халдварын эсрэг хэрэглэхийг зөвлөдөг байна.

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо эдийн засгийн уналтын улмаас боловсон хүчин, эм, тоног төхөөрөмжийн хомсдолд орсон гэж үздэг. Ковидын дэгдэлтээс шалтгаалан эмийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн гэж мэдээлж байгаа ч энэ нь хангалтгүй байгааг дээрх зөвлөгөөнүүд харуулж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet