newswire

Фитч агентлаг Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ:

  • Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.
  • Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна: Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ өсч, хил дахин нээгдсэн ч Фитч агентлаг нь Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2%  гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын “динамик тэг Ковид” бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна. Фитч агентлагаас 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж хүлээж байна.
  • Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах БНХАУ-ын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтэцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой.
  • Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
  • Улсын төсөв: Төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 4.4% (В зэрэглэлтэй бусад улсуудын дундаж: 4.7%) болж өснө гэж төсөөлж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7% хүртэл буурна гэж төсөөлөв.
  • Гадаад валютын нөөцийн төсөөлөл: Фитчээс Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ий 16.3%, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ий 167%-д байна гэж төсөөлөв. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам. доллар байна гэж тооцоолов.

Фитч агентлагийн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet