ДЭЛХИЙН МЭДЭЭ

Зеленский Оросын бүтээсэн “гайхамшигт, хүчирхэг лазерын” зэвсгээр тохуурхав

Орос улс Украинд шинэ үеийн хүчирхэг лазер зэвсэг ашигласан тухай Оросын албаны хүн лхагва гарагт мэдэгдэв. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд тив хоорондын баллистик пуужин, усан доорх цөмийн нисгэгчгүй онгоц, дуунаас хурдан зэвсэг, лазерын зэвсгийг олон нийтэд танилцуулсан.

Шинэ лазерын тухай мэдээлэл бага байгаа боловч тулалдааны үеэр амь үрэгдсэн дундад зууны үеийн үнэн алдартны дайчин лам Александр Пересветийн нэрээр “Пересвет” гэж нэрлэснийг Путин дурдаж байжээ.

Цэргийн хөгжлийн асуудлыг хариуцдаг Шадар сайд Юрий Борисов Москвад болсон бага хурлын үеэр газраас 1,500 км хүртэл өндөрт байгаа хиймэл дагуулыг онилох чадвартай “Пересвет”-ийг аль хэдийн өргөнөөр байрлуулж эхэлсэн гэж мэдэгджээ.

Мөн нисгэгчгүй онгоц болон бусад тоног төхөөрөмжийг шатааж чадах “Пересвет”-ээс илүү хүчирхэг системүүдийг аль хэдийн бүтээсэн талаар ярьсан байна. Ийм төрлийн зэвсгийг мягмар гарагт туршсан бөгөөд таван секундийн дотор таван км-ийн зайд байсан нисгэгчгүй онгоцыг шатаасан тухай дурдав.

Түүний хэлснээр “Пересвет” алс холын байг ажиллагаагүй болгох чадвартай бол шинэ үеийн лазерын зэвсгүүд зорилтот объектод физик гэмтэл учруулж, шатаах чадвартай байна.

Украинд ийм төрлийн зэвсгийг ашигласан эсэхийг асуухад Борисов “Задира” хэмээх эхний загваруудыг ашигласан болохыг хэлжээ.

Тэрээр өргөн цахилгаан соронзон долгионыг ашигладаг лазерын шинэ үеийн зэвсгийг эцсийн дүндээ ердийн зэвсгийг орлох болно гэж хэлээд, “Энэ бол ямар нэгэн чамин санаа биш, бодит байдал” гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орой бүр хийдэг мэдэгдэлдээ лазерын зэвсгийн системийн талаарх Оросын мэдэгдлийг иш татаад, тохуурхсан агуулгатай мэдэгдэл хийв.

Тэрээр “Нацист Германы суртал ухуулгад ‘wunderwaffe’ гэсэн нэр томьёо байсан. Гайхамшигт зэвсэг. Дайнд ялах боломжгүй гэдэг нь тодорхой болохын хэрээр нөхцөл байдлыг эрс өөрчлөх хүчирхэг зэвсгийн тухай суртал ухуулга улам ихсэж байв. Дайн эхлээд гурван сар өнгөрч байхад Орос ‘гайхамшигт зэвсэг’-ийг хайсаар байгаа нь тэдний даалгавар бүрэн бүтэлгүйтсэнийг тодорхой харуулж байна” гэж хэлжээ.

Хиймэл дагуулыг ажиллагаагүй болгох лазерын зэвсэг нь шинжлэх ухааны уран зөгнөл хэдий ч АНУ, Хятад, Орос улсууд олон жилийн турш ийм зэвсгийн хувилбарууд дээр ажиллаж байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet