ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европын холбоо Оросын эрчим хүчнээс бүрэн ангижрах төлөвлөгөөгөө танилцууллаа

Европын комисс Оросын эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрах төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“REPowerEU” стратегийг Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилготойгоор 2022 онд гуравдугаар сард анх зарласан билээ. Комисс уг стратегид шинэ саналууд тусгаж, өмнөх зорилтуудаа ахиулсан бөгөөд үүгээрээ үндсэн гурван сэдвийг онцолжээ:

1. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх

Комисс эрчим хүч хэмнэх нь Оросын эрчим хүчний хараат байдлыг бууруулах “хамгийн хямд, хамгийн аюулгүй, хамгийн цэвэр” арга гэдгийг онцолсон байна.

Энэ хүрээнд барилгын дулаан алдалтыг бууруулах, эрчим хүчний хэрэглээнд хяналт тавихаар болсон байна. Мөн хурмал түлш шатаах уурын зуухнаас цахилгаан дулааны насос (барилгын эргэн тойрон дох агаар, газар, уснаас дулааныг шингээдэг төхөөрөмж) руу шилжих ажлыг хурдасгахаар төлөвлөжээ.

Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 13 хувь хүртэл бууруулна гэж тооцоолсон байна.

2. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх болон устөрөгчийн шинэ дэд бүтцийг бий болгоход 113 тэрбум евро төсөвлөжээ.

Мөн нар, салхины цахилгаан станцын зөвшөөрөл олгох хугацаа урт байдгийг өөрчилж шинэ хууль тогтоомж гаргахаар болсон байна. Түүнчлэн зарим шинэ барилгуудын дээвэр дээр нарны зай хураагуур суурилуулахыг шаардах зэрэг саналуудыг мөн тусгажээ.

2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 40 хувийг ногоон эрчим хүчээр хангах зорилт тавьсан байна.

3. Газрын тос, байгалийн хийн бусад эх үүсвэрийг баталгаажуулах

ЕХ нь Оросын хурмал түлшийг яаралтай төрөлжүүлэхийн тулд Египет, Израиль, Нигери зэрэг бусад орноос байгалийн хий, газрын тосны импортыг нэмэгдүүлэх, дамжуулах хоолой болон шингэрүүлсэн байгалийн хийн терминалууд байгуулах ажилд 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

“REPowerEU”-т тодорхойлсон эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Оросын эрчим хүчнээс бүрэн ангижрахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet