ДЭЛХИЙН МЭДЭЭ

132 хүний ​​аминд хүрсэн Хятадын агаарын тээврийн ослыг санаатай үйлдсэн байж магадгүй гэж АНУ дүгнэжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд “China Eastern Airlines” компанийн онгоц осолдож, 132 хүний ​​аминд хүрсэн явдал болсон билээ.

Ослын шалтгааныг тодруулах ажилд оролцож буй онгоц үйлдвэрлэгч АНУ-ын шинжээчид онгоцны сэгнээс олдсон хар хайрцгийн бичлэгийг шинжилснээр “Boeing 737-800” онгоцыг санаатайгаар осолдуулсан гэж дүгнэсэн байна.

Энэ тухай нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр бүхээгт байсан хэн нэгэн онгоцыг осолдуулах зүйл хийсэн байна.

Онгоц жигд өндөрт, жигд хурдтай нисэж байгаад 6,000 метрийн өндрөөс нэг минут гаруй хугацаанд огцом унаж, Гуанси мужийн Вужоу хотын ойролцоо осолдсон юм.

Ослын мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулж буй Хятадын шинжээчдийн мэдэгдсэнээр осолдсон онгоцонд механик болон нислэгийн удирдлагад ямар нэгэн асуудал байгаагүй.

Мөн нисгэгч болон туслах нисгэгч нарын эрүүл мэнд сайн байсан бөгөөд санхүүгийн болон гэр бүлийн ямар ч асуудалгүй байсан гэж “China Eastern” мэдэгдсэн.

Ослын дараахан Хятадын эрх баригчид осолдохоос өмнө онгоцноос түгшүүрийн дохио илгээгээгүй бөгөөд энэ нь бүхээгт гадны хүн нэвтрээгүй гэж үзэх шалтгаан гэж мэдэгдэж байв.

Тус нислэгийн маршрут, агаарын хөдөлгөөний удирдлагад ослын дохио илгээгээгүй, мөн онгоцтой холбоо тасраагүй байсан зэрэг нь 2015 онд гарсан “Germanwings”-ийн осолтой төстэй болохыг нисэхийн мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн үед “Airbus A320” зорчигч тээврийн онгоцыг нисгэгч нь санаатайгаар осолдуулсан бөгөөд 150 хүний ​​аминд хүрч байжээ.

“Boeing” компанийн “737-Max” онгоцны дизайны алдаанаас болж 2018, 2019 онуудад хоёр осол гарч, хүний ​​аминд хүрч байсан боловч “737-800”-г дэлхий даяар агаарын тээврийн үйлчилгээнд өргөн хүрээнд, удаан хугацаанд ашиглаж ирсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet