ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шри Ланка улсын шатахууны нөөц шавхагдаж байна

Шри Ланка улсад нэг өдрийн шатахууны нөөц үлдсэн тухай тус улсын шинэ ерөнхий сайд мэдэгдэв. Өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайдаар томилогдсон Ранил Викремесингхе ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тус улсад зайлшгүй шаардлагатай импортын барааны төлөлтийг хийхэд нэн даруй 75 сая ам.долларын валют хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.

Тэрээр “Одоогоор бидэнд ганцхан өдрийн шатахууны нөөц байна. Ойрын сарууд бидний амьдралын хамгийн хэцүү үе байх болно. Бид энэ цаг үеийн сорилтуудтай тулгарахад бэлтгэх ёстой” гэж хэлжээ.

Ковид-19 тахал, нефтийн үнийн өсөлт, татварын бууралт зэрэгт хүндээр нэрвэгдсэн Шри Ланка улс 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд хямралд өртөөд байгаа юм.

Валютын хомсдлоос болж инфляц газар авч, эм, шатахуун болон бусад хэрэгцээт зүйлс хомсдож эхэлсний дараа Ерөнхийлөгч Готабая Ражапакса болон түүний гэр бүлийн эсрэг олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал дэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч есөн хүн амиа алдаж, 300 хүн шархадсаны дараа ерөнхийлөгчийн ах Махинда ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон юм.

Ерөнхийлөгч эсэргүүцэгчдийг тайвшруулахын тулд ерөнхий сайдын суудалд өмнө нь таван удаа энэ албыг хашиж байсан сөрөг хүчний парламентын гишүүн Викремесингхийг томилсон байна.

Гэвч жагсагчид Готабая Ражапаксаг ерөнхийлөгчийн суудлаас огцрох хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Энэтхэгийн зээлийн шугамаар авсан дизель түлш ням гарагт тус улсад хүргэгдсэн боловч одоогоор арал даяар тараагаагүй байна.

Даваа гарагт Эрчим хүчний яамны сайд Канчана Вижесекера арал дээрх нийт 1,190 шатахуун түгээх станцад түлш нийлүүлж дуустал буюу ойрын гурван хоногт дараалал үүсгэхгүй байхыг олон нийтээс хүсжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet