Шинжаан Уйгурын бүс нутаг шоронд ял эдэлж буй хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлж байна

AP агентлаг шоронд хоригдож буй уйгур хүмүүсийн нэрсийн жагсаалтыг дэлгэжээ. Энэ нь өнөөг хүртэл ил болсон жагсаалтаас хамгийн том нь бөгөөд үүнд Уйгурын зөвхөн нэг мужаас баривчлагдсан 10,000 гаруй хүний нэр багтсан байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс лалын шашинт цөөнх болох уйгуруудыг харгис хэрцгийгээр хэлмэгдүүлж байгаа бөгөөд үүнийг терроризмын эсрэг дайн гэж тайлбарладаг.
Харин эрх баригчдад баривчлагдсан хүмүүсийн гэр бүл, хүний эрхийг хамгаалах байгууллагууд Хятадын засгийн газрыг бүхэл бүтэн үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн буруутгаж ирсэн.

AP агентлагийн дэлгэсэн жагсаалтаас харвал Уйгурын 267,000 хүн амтай Конашехер мужийн 25 хүн тутмын нэг нь буюу 10,000 гаруй хүн терроризмтой холбоотой хэргээр шоронд хоригдож байгаа нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд АНУ-ын дунджаас бараг 10 дахин их, Хятад улсынхаас (2013 оны статистик мэдээлэлтэй харьцуулбал) 30 дахин их үзүүлэлт байна.
Конашехерт хорих ялын хэмжээ 2-25 жил, дунджаар есөн жил бөгөөд эрэгтэй, эмэгтэй, залуу, өндөр настай гээд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс хоригдож байна.
Уг жагсаалтыг нэрээ нууцалсан Хятадын засгийн газрын Шинжаан дахь бодлогыг эсэргүүцдэг Хан үндэстэн Шинжааны эрдэмтэн Ген Бунинд өгч, дараа нь Норвегид цөллөгдөн амьдарч байгаа Уйгур хэл шинжлэлийн эрдэмтэн Абдувели Аюп AP агентлагт дамжуулжээ.

Жагсаалтад хүн амины хэрэг, хулгай зэрэг ердийн эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг оруулаагүй. Зөвхөн терроризм, шашны хэт даврагч үзэлтэй холбоотой гэмт хэрэг эсвэл улс төрийн тэрс үзэлтнүүдийн эсрэг ашигладаг “хэрүүл маргаан, үймээн дэгдээсэн” зэрэг тодорхой бус хэргүүдээр ял эдэлж буй хүмүүсийн нэрс багтсан байна. Энэ нь шоронд хоригдож буй хүмүүсийн бодит тоо илүү өндөр гэсэн үг юм.
Шинжааны шинжээч Даррен Байлерын хэлснээр ихэнх баривчилгаа хуулиас гадуур явагдсан бөгөөд гадаадад төрөл төрөгсөд нь амьдардаг эсвэл гар утасны тодорхой аппликейшн татаж авсан хэргээр хүмүүс саатуулагдаж байна. Тэрээр орон нутгийн цагдаа нарын баривчлах квотыг баримтжуулсан ба зарим тохиолдолд тосгоны бүх эрчүүдийг баривчилсан байжээ.
Эх сурвалж: AP

Хариулах