ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ огцом өслөө

Энэтхэг улс үр тариа экспортлохыг хориглосны дараа улаан буудайн үнэ олон улсын зах зээл дээр огцом өсжээ. Учир нь хэт халалт улаан буудайн тариалалтад нөлөөлж, улмаар үр тарианы дотоодын үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн тул экспортын хориг тавьсан юм.

Энэ жил дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ 60 орчим хувиар өсөж, талхнаас эхлээд гоймон хүртэл бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсжээ.

Энэтхэгийн засгийн газар өмнөх аккредитивээр баталгаажсан экспорт болон хүнсний аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд нийлүүлэх хүсэлт гаргасан улс орнуудад экспортын хориг хамаарахгүй гэж мэдэгдэв.

Мөн засгийн газрын албан тушаалтнууд энэхүү хоригийг байнгын биш бөгөөд шийдвэрийг дахин харж магадгүй гэж мэдэгджээ. Гэсэн ч энэ шийдвэрийг Германд хуралдсан Их долоогийн бүлгийн гишүүн орнуудын хөдөө аж ахуйн сайд нар шүүмжилсэн байна.

Герман улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир “Хэрэв бүх талууд экспортын хязгаарлалт тавьж, зах зээлээ хааж эхэлбэл хямралыг улам дордуулна” гэж мэдэгдэв.

Энэтхэг хэдийгээр дэлхийн хоёр дахь том улаан буудай үйлдвэрлэгч хэдий ч ургацынхаа ихэнх хэсгийг дотоодын зах зээлд борлуулдаг тул урьд өмнө нь томоохон экспортлогч оронд тооцогддоггүй байсан.

Харин Оросын түрэмгийллийн дараа Украины улаан буудайн экспорт уналтад орж, мөн ган гачиг, үер зэрэг байгалийн гамшиг нь бусад томоохон үйлдвэрлэгчдийн ургацад заналхийлж байгаа үед улс орнууд хомсдлыг Энэтхэгийн үр тариагаар нөхнө гэж найдаж байв.

Экспортын хориг тавихаас өмнө Энэтхэг улс мөн энэ жил дээд амжилт тогтоож 10 сая тонн улаан буудай тээвэрлэх зорилт тавьж байсан юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet