ТЕХНОЛОГИ

TIME: Монголын Засгийн газрын хамгийн залуу гишүүн технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж байна

Тавдугаар сарын 12-нд Америкийн “Time” сэтгүүл “Rolex”-той хамтран гаргадаг “Дараагийн үеийн манлайлагчид”-ын жагсаалтаа дэлгэжээ. Уг жагсаалтыг 2014 оноос гаргаж эхэлсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс илүү сайхан ирээдүйг бүтээлцэхэд оролцож буй манлайлагч залуусыг онцолдог.

Энэ жилийн жагсаалтад Өмнөд Солонгосын охидын “Aespa” хамтлаг, “Kyiv Independent” сонины Ерөнхий редактор Ольга Руденко, “Bridgerton”цувралд тоглосон жүжигчин Жонатан Бэйли, “YouTuber” Дипика Мутяла зэрэг хүмүүс багтав. Мөн Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн Батцэнгэлийн Болор-Эрдэнэ гэх змэгтэйг онцолсон байна. Түүний талаар “Time” сэтгүүлд юу гэж бичсэнийг харцгаая.

TIME:

“2020 онд Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Улаанбаатар хотод байрлах засгийн газрын ордонд ажил руугаа ороход нь хамгаалалтын албаныхан зогсоож, түүнээс хувийн туслах уу эсвэл жижүүр үү хэмээн асууж байв. Тэр аль нь ч биш байсан – тэр Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн бөгөөд улс орны дижитал өөрчлөлтийг удирдахаар томилогдсон байв.

Залуу эмэгтэйчүүдэд манлайлах нь ямар хэцүү байдгийг түүний туршлага харуулж байна. Одоо Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй 29 настай Болор-Эрдэнэ “Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн хэлсэн.

Болор-Эрдэнийг Монголын хөдөөгийн тосгоноос улс орны төв хэсэгт хүргэсэн зүйл бол шаргуу хөдөлмөр юм. Тэрээр 14 настайдаа ахлах сургуулиа төгсөж, 18 настайдаа их сургууль дүүргэсэн бөгөөд Дэлхийн банк болон НҮБ-д ажиллахаасаа өмнө Оксфордын их сургуульд суралцжээ.

Болор-Эрдэнэ 2020 онд “E-Mongolia” платформыг нэвтрүүлэх ажилд оролцсоноор төрийн 650 үйлчилгээг цахимжуулж, компани бүртгүүлэх, жолооны үнэмлэх авахад хялбар болжээ. Тэрээр “Одоо та төрийн ямар ч үйлчилгээг хоёр минут хүрэхгүй хугацаанд авах боломжтой бөгөөд өөрийн биеэр ирэх шаардлагагүй” гэж хэлж байна. Энэ нь нүүдлийн соёлтой малчид энгийн ажил бүтээхийн тулд олон цагаар машин жолоодох шаардлагатай тулгардаг тус улсын хувьд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Болор-Эрдэнэ эмэгтэйчүүдэд илүү таатай орон зай бий болгохыг эрмэлздэг. “Цахим гадуурхал бол шинэ тэгш бус байдал” гэж тэрээр хэлэв. 2021 онд тэр “Код бичих охидын хөтөлбөр”-ийг үүсгэн байгуулж, хөдөө орон нутгаас ирсэн 30 охидыг сургалтанд хамруулж, зөөврийн компьютер олгосон бол энэ жил 50 хүн бэлтгэхээр төлөвлөжээ. Эдгээр эмэгтэйчүүд хэзээ нэгэн цагт өөртэй нь адил асуулттай тулгарахгүйгээр ажилдаа орж чадна гэж тэр найддаг байна.

Түүний хэлснээр “Бидэнд илүү залуу, эрч хүчтэй эмэгтэй удирдагчид хэрэгтэй” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet