ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мариуполийн гангийн үйлдвэрт гацсан Украины цэргүүд Илон Маскаас тусламж хүсжээ

Украины Мариуполь хотын гангийн үйлдвэрт Оросын цэргийн бүслэлтэд байгаа цэргүүдийн нэг нь “SpaceX” компанийн тэрбумтан Илон Маскаас тэднийг нүүлгэн шилжүүлэхэд туслахыг хүссэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Оростой байгуулсан гэрээний дагуу “Азовсталь” үйлдвэрээс олон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн боловч олон зуун дайчдыг гаргах талаар Москватай тохиролцоонд хүрээгүй байна. Цэргүүдийн зарим нь хэдэн долоо хоног үргэлжилсэн бөмбөгдөлтийн улмаас хүнд шархаджээ.

Тэнгисийн цэргийн командлагч Серхи Волина “Twitter”-тээ “Боломжгүй зүйлд итгэхийг сургахдаа хүмүүс @elonmusk таныг өөр гаригаас ирсэн гэж хэлдэг. Манай гаригууд зэрэгцэн оршдог ч би амьд үлдэх бараг боломжгүй газар амьдарч байна. Азовсталиас гарахад туслаач. Та биш юм бол өөр хэн чадна гэж? Санаа өгөөч” гэж бичжээ.

Дэлхийн хамгийн баян хүн болох Маск пуужингийн “SpaceX” компани болон цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компанийг эзэмшдэг бөгөөд “Twitter”-ийг өөрийн болгох гэж байгаа. Одоогоор Маск украин цэргийн жиргээг харсан эсэх нь тодорхойгүй байна.

Украины албаныхны мэдээлснээр Азовсталийн газар доорх хонгилуудад 1000 орчим байлдагч байгаа, тэдний олон зуу нь хүнд шархадсан бөгөөд яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэв. Орос тус үйлдвэрт хүчтэй цохилт өгсөөр байна.

Хоёрдугаар сард Оросын түрэмгийллийн дараа Украины интернет тасалдсан үед Украины засгийн газрын албан тушаалтан “Twitter”-ээр тусламж хүсэхэд Маск түүнд хариу өгсөн юм. Тэрээр “SpaceX”-ийн “Starlink” хиймэл дагуулын өргөн зурвасын үйлчилгээ Украинд байдгийг харгалзан тус улс руу олон тооны төхөөрөмжөө илгээж байв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet