ДЭЛХИЙН МЭДЭЭ

Кремль: Финланд улс НАТО-д элсэх хүсэлт гаргаж байгаа нь Оросын эсрэг заналхийлэл

Финланд улс НАТО-д элсэх гэж байгаа нь гарцаагүй Оросын эсрэг заналхийлэл бөгөөд цэргийн нэгдлийг өргөжүүлснээр Европ болон дэлхий дахиныг илүү тогтвортой болгож чадахгүй гэж пүрэв гарагт Кремль мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийн бага хурлын үеэр Финландын хийсэн алхам харамсах шалтгаан бөгөөд ижил хариу үйлдэл үзүүлэх шалтгаан болно гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Финландын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар НАТО-гийн цэргийн эвсэлд элсэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хүсэлтээ “цаг алдалгүй” гаргах ёстой гэж мэдэгдсэн юм.

Хэвлэлийн хурал дээр сэтгүүлч Песковоос энэ үйлдэл Оросын эсрэг заналхийлэл болох уу гэж асуухад “Мэдээж. НАТО-гийн эвсэл өргөжсөн ч манай тивийг илүү тогтвортой, аюулгүй болгож чадахгүй” гэж хариулжээ.

Мөн Финланд улс Оросын эсрэг “нөхөрсөг бус алхам”-д нэгдсэн гэж хэлэв.

Оросын зүгээс ямар хэлбэрээр хариу өгөх вэ гэсэн асуултад Песков “НАТО-г өргөжүүлэх үйл явц хэрхэн өрнөх, цэргийн дэд бүтэц манай хилд хэр ойртохоос бүх зүйл шалтгаална” гэж хариулсан байна.

Үүний дараа Оросын Гадаад хэргийн яам Финландын НАТО-д элсэх хүсэлтийн хариуд Орос улс цэргийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж мэдэгджээ.

Яамны мэдэгдэлд: “Финланд улс НАТО-д элссэн нь тус улсын гадаад бодлогын эрс өөрчлөлт юм. Орос улс үндэсний аюулгүй байдалд учирч буй заналхийллийг зогсоохын тулд цэрэг-техникийн болон бусад шинж чанартай хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно.”

Мөн Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “НАТО-гийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж, барууны техникийг ашиглахад Украины цэргүүдийг сургаж, хөлсний цэргүүдээ илгээж, манай хилийн ойролцоо эвслийн орнуудын сургуулилт хийж байгаа нь НАТО болон Оросын хооронд шууд, ил тод мөргөлдөөн гарах магадлалыг нэмэгдүүлж байна. Ийм мөргөлдөөн нь бүрэн хэмжээний цөмийн дайн болж хувирах эрсдэлтэй” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet