ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ялалтын баярын жагсаал дуусаж, нисэх хүчний үзүүлбэр “хакерын халдлага”-ын улмаас цуцлагдлаа

Жил бүрийн тавдугаар есний өдөр Орос улсад ЗХУ-ын Дэлхийн II дайны ялалтыг тэмдэглэдэг. Нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын жагсаал орон нутгийн цагаар 10 цагт эхэлсэн бөгөөд энэ жил барууны орнууд Ерөнхийлөгч Владимир Путиний үг хэлэхийг анхааралтай ажиглалаа.

Путин 77 жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан зэвсэгт хүчинд баяр хүргэснийхээ дараа Украины тухай дурдаад “Одоо ч мөн адил. Та бүхэн Донбасс дахь ард түмнийхээ төлөө, эх орныхоо аюулгүй байдлын төлөө тэмцэж байна. Ялалтын өдөр бидний зүрх сэтгэлд ойрхон байдаг. Орост аугаа эх орны дайны галд өртөөгүй гэр бүл гэж байдаггүй. Ялагчдын үеийнхэнд бид бахархаж байна” гэж хэлэв.

Тэрээр цааш нь өнгөрсөн оны сүүлээр барууны орнууд Донбасс болон Крымд халдлага үйлдэхээр илт бэлтгэж байсан ба Киевийг цөмийн зэвсэгтэй болохыг уриалж “манай улсад аюул заналхийлж эхэлсэн” гэж мэдэгдэв.

Тэрээр “Орос Европыг шударгаар буулт хийхийг уриалсан боловч тэд биднийг сонсохыг хүсээгүй” гэж хэлээд, “тусгай цэргийн ажиллагаа”-г зайлшгүй шаардлагатай байсан гэж онцоллоо.

Мөн Путин дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-тай мөр зэрэгцэн тулалдсан Англи, Франц, Америк зэрэг холбоотны армийн цэргүүдийг хүндэт нөхдүүд хэмээн нэрлэжээ.

Дараа нь тэрээр Оросын зэвсэгт хүчин болон Донбассын цэргүүдэд хандан “Дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг хэн ч мартахгүй, ингэснээр дэлхий дээр шийтгэгчид, нацистуудад газар үлдэхгүй” гэж хэлээд Оросыг хамгаалахын тулд тулалдаж байгаад нь баяр хүргэсэн байна.

Үүний дараа Москвагийн Ялалтын баярын жагсаал нэг минут чимээгүй зогсож, Путин дайны талбарт амь үрэгдсэн цэргүүдэд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр шархадсан цэрэг, офицеруудыг хурдан эдгээхийг ерөөж, амь үрэгдсэн цэргүүдийн хүүхдүүдэд нэн чухал дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр захирамжид гарын үсэг зурснаа мэдэгдэв.

Эцэст нь Путин “Манай зэвсэгт хүчин мандтугай. Оросын төлөө! Ялалтын төлөө!” гэж хэлэхэд цэргүүд гал нээж, мэндчилэв.

Украины дайнтай холбогдуулан энэ өдөр Путин албан ёсоор дайн зарлах эсвэл ялалтаа зарлах зэргээр томоохон мэдэгдэл хийж магадгүй гэж барууны албаны хүмүүс сүүлийн үед анхааруулж байсан ч тийм зүйл болсонгүй.

Мөн Ялалтын баярын төгсгөлд Оросын нисэх хүчин үзүүлбэр үзүүлэх байсан ч цуцлагдсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг цаг агаарын нөхцөл байдалтай холбон тайлбарлав. Гэвч барууны хэвлэлүүд Оросын дайныг эсэргүүцэгчид хакерын халдлага үйлдсэн хэмээн мэдээлж байна.

Оросын телевизийн хуваарь дээр шууд дамжуулалтын нэрийг “Таны гарт олон мянган украинчууд болон тэдний олон зуун хүүхдүүдийн амь нас байна. ТВ, эрх баригчид худлаа ярьж байна. Дайныг бүү зөвшөөр” гэж өөрчилжээ. Энэ тухай зураг, бичлэг “Twitter”-т нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet