ЭДИЙН ЗАСАГ

“Bitcoin”-ы үнэ арваннэгдүгээр сарын оргил үетэй харьцуулахад 50 хувиар унажээ

“Coinbase” криптовалютын биржийн мэдээлснээр “Bitcoin”-ы үнэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн унасаар 34,000 ам.доллароос доош оржээ.

Нийт криптовалютын зах зээлийн гуравны нэг орчмыг эзэлдэг, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том криптовалютад тооцогддог “Bitcoin” нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 67 мянган ам.долларын оргилд хүрснээс хойш 50 хувиар унасан гэсэн үг юм.

Мөн дэлхийн хоёр дахь том криптовалют болох “Ethereum”-ийн үнэ сүүлийн долоо хоногт 10 гаруй хувиар буурчээ.

Сүүлийн өдрүүдэд дэлхий даяарх хөрөнгийн зах зээл уналтад орсноор дижитал хөрөнгийн зах зээл дагаж унасан байна.

Олон жилийн турш криптовалютын арилжаанд хувийн хөрөнгө оруулагчид давамгайлж ирсэн ч сүүлийн үед зах зээлд эрсдэлээс хамгаалах сан, санхүүгийн менежер зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын урсгал ажиглагдах болсон.

Уламжлалт хөрөнгө оруулагчид дижитал хөрөнгийн арилжаанд оролцсноор криптовалютууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг улам ихээр дагах болжээ.

Хөрөнгө оруулагч байгууллагуудын ихэнх нь криптовалютыг технологийн хувьцаатай адил эрсдэлтэй хөрөнгө гэж үздэг байна. Зах зээлийн тодорхойгүй байдлын үед уламжлалт хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж үзсэн хөрөнгөө зарж, мөнгөө илүү найдвартай хөрөнгө оруулалт руу шилжүүлдэг.

Тэгвэл энэ үед дэлхий дахинаа өрнөж буй асуудлууд, тэр дундаа Украины дайн, инфляц, зээлийн өндөр өртөг зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлж магадгүй гэж зарим хөрөнгө оруулагчид санаа зовж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet