ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их долоо Оросын газрын тосноос татгалзана гэж мэдэгдсэн бол АНУ “Газпромбанк”-ны удирдлагуудад хориг арга хэмжээ тогтоолоо

Ням гарагт Долоогийн бүлэг (Их долоо) Оросын нефтийн импортыг хориглох эсвэл үе шаттайгаар зогсоох амлалт өгч, АНУ “Газпромбанк”-ны удирдлагууд болон бусад бизнес эрхлэгчдийн эсрэг хориг арга хэмжээгээ танилцууллаа.

Ерөнхийлөгч Жо Байден Их долоогийн удирдагчидтай нэгдэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй видео хурал хийж, дайн, Украиныг дэмжих, Москвагийн эсрэг авах нэмэлт арга хэмжээ, тэр дундаа эрчим хүчний асуудлаар ярилцав.

Их долоогийн удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ “Бид Оросын нефтийн импортыг үе шаттайгаар зогсоох эсвэл хориглох зэргээр Оросын эрчим хүчний хараат байдлаас гарах амлалт өгч байна” гэж хэлжээ. Мөн дэлхий даяар эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах, үнийг боломжийн хэмжээнд санал болгохын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллана гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, АНУ Оросын “Первый канал”, “Россия 1”, “НТВ” телевизүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч, Америкийн иргэдийг орос хүмүүст нягтлан бодох бүртгэл болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглож, Орос, Беларусийн 2600 орчим албаны хүнд визний хязгаарлалт тогтоолоо.

Эдгээр хүмүүс дунд “Газпромбанк”-ны Алекси Миллер, Андрей Акимов гэх удирдлагууд багтсан гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Энэ хориг нь бүтэн хориг биш бөгөөд тус байгууллагын хөрөнгийг битүүмжлэхгүй, гүйлгээг нь хориглохгүй байна.

Оросын банкны хөрөнгийн гуравны нэгийг эзэмшдэг “Сбербанк”-ны найман удирдах албан тушаалтан, мөн Москвагийн аж үйлдвэрийн банк болон түүний 10 охин компани АНУ-ын хамгийн сүүлийн хоригийн жагсаалтад нэмэгджээ.

Экспортод тавьсан шинэ хязгаарлалтаар үйлдвэрлэлийн хөдөлгүүр, бульдозер, модон эдлэл, мотор, сэнс зэргийг онилсон нь Путины дайны хүчийг шууд доройтуулах зорилготой байна. Энэ үеэр, Европын холбоо Оросын цэргийн хүчинд шууд нөлөөлөх химийн бодисуудад нэмэлт хяналт тогтоох гэж байгаа тухай албаны хүн мэдэгдэв.

Зэвсэг үйлдвэрлэгч “Промтехнология” хязгаарлагдмал хариуцлагатай компани, тээврийн долоон компани, далайн чирэгчийн компанийг мөн хориг арга хэмжээнд багтсан байна. Түүнчлэн Цөмийн зохицуулах хороо Орост цөмийн тусгай материал экспортлох зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэж Цагаан ордон мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet