СОЁЛ УРЛАГ

ФОТО СУРВАЛЖЛАГА: Урлагтай зочид буудал

Гэрэл зургийг MPA.mn

Улаан өнгийн гурвалжин оройтой, гурван давхар зочид буудлын галерейд зочиллоо. Дотор нь  пянз хөгжим намуухан эгшиглэж, ирсэн зочид уран зураг, хувцас загварын бүтээлүүдийг сонирхоно. Энэ бол урлагийн чиглэлээр манай улсад анх удаа нээгдсэн “Эдельвейс арт” зочид буудлын галерей.

Цаг завгүй, нэгэн хэвийн уйтгартай хэмнэл, цахим орчины элдэв хов живнээс түр холдохыг хүссэн би эндээс сонирхолтой өвөрмөц мэдрэмжийг авсан юм. Давхруудын хананд уран зургуудыг сонирхолтой байдлаар  өлгөсөн нь зочид буудлын дизайнтай донж нийлжээ.

Галерейн нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Хүмүүс намуухан хөгжимд үзмэр үзэнгээ хундага дарс шимнэ. Энэ үеэр тус газрын гүйцэтгэх захирал Гэри Биондотой цөөн хором ярилцлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

-Зочид буудлыг яагаад урлагтай холбох болов?

-Жижиг хэмжээний зочид буудлын хувьд хүний анхаарлыг татах хэрэгтэй. Тиймээс урлагийн бүтээл тавих талаар судалсан. Миний харсан өнцөг бол дүрслэх урлаг. Улмаар МУЗ-тэй хамтран уран бүтээлчдийн урланд очсон. Тэнд шинээр гарч ирж байгаа уран бүтээлчид авьяас мэдрэмжээрээ амьсгалдаг газар л даа.

Эндээ урлагийн жижиг төв бий болгож хөгжим, яруу найраг, бүжиг гэх мэт урлагийн төрлүүдийг хөгжүүлж гаднаас ирсэн зочдод танилцуулан уран бүтээлчдийн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилго бас бий.  Дүрслэх урлагийн 70 гаруй бүтээл тавигдах орон зайтай. Уран бүтээлчид цуглаж, сургалт хийж туршлагаа солилцож хүмүүст урлагийг таниулах бас сайхан. Бид Монголын уран бүтээлчдийг дэмжиж, дэлхийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж байна. Өнөөдөр бяцхан эхлэлээ тавилаа. Ард байгаа маш том мөрөөдөлдөө хүрэхийн төлөө  хичээнэ.

-Монгол уран бүтээлчдийн авьяас, түвшинг та хэрхэн үнэлж байна. Сэтгэгдлээ хуваалцач?

-Би уран бүтээлчдийг түвшингээр нь үнэлмээргүй байна. Монгол уран бүтээлчдэд өөрийгөө илэрхийлээх өнгө аяс байдаг. Тэд өөрсдийн бүтээлээрээ дамжуулан ямар их авьяастайгаа харуулж чаддаг. Гурван сая хүн амтай улсын хувьд хүн амын түвшингээр нь харахад уран бүтээлчид нь урлагийн  өндөр ур чадвартай  гэж хардаг гэсэн юм.

О.ОДГЭРЭЛ: Урлаг дангаар хөгждөггүй

Нээлтийн дараа МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл энэхүү зочид буудал, галерей нээгдэж буйд талархаж “гэрэлт морь” дурсгав. Тэрбээр “Урлаг өөрөө дангаараа хөгждөггүй дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Урлаг бизнесийн салбар хоорондоо уялдаа холбоотой байж өсч өндийн оршино. Олон улсад ийм жишиг байдаг шиг манайд өнөөдөр урлагийн чиглэлийн зочид буудал галерей нээгдэж шинэ жишиг тогтож байна. Энд тавигдсан бүтээлүүд зарагдахад мөнгө нь тухайн уран бүтээлчдэд бүрэн очно. Энэ нь  уран бүтээлчдийг дэмжиж буй нэг том алхам. Цаашид байгууллагууд иймэрхүү байдлаар дотоод орчноо тохижуулбал урлагийн салбар, ялангуяа дүрслэх урлагийн салбар хөгжих боломжтой. Яагаад гэвэл Монголын уран бүтээлчдэд авьяас нь хангалттай байгаа” гэлээ.

Үргэлжлүүлэн “Эдельвейс арт” галерейн арт директор Ц.Нямдулам “Монголд одоогоор урлагаар дагнасан галарей зочид буудал байхгүй. Өнөөдөр ийм өвөрмөц өнгө төрхтэй галерей нээгдлээ. Галерейн нээлтэд 17 уран бүтээлчийн 29 бүтээл дэлгэгдсэн. Цаашид урлагийг олон нийтэд сурталчилах, таниулан ойлгуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой. Дан ганц дүрслэх урлаг бус дуу хөгжим, яруу найраг гэх мэт урлагийн бүх салбарт ажиллана. Энэхүү зочид буудал галерейгаа хотын бяцхан урлагийн диваажин болгохыг хүсч байгаа. Хүмүүс завгүй нэгэн хэвийн амьдралаас түр ч болов хөндийрч урлагтай ойр байгаасай. Урлаг хүнд олон гоё мэдрэмж өгдөг. Тийм ч учраас та бүхэн зүрх сэтгэлээ нээгээсэй гэж хүсч байна” гэв.

… Уран зургийн хажуу талын  хувцаснууд анхаарал татна. Хувцас хүртэл урлагийн нэгээхэн хэсэг болж энд дэлгэгдсэн талаар “Орфей” театрын Гэм зэм жүжигт хувцасны дизайнараар ажилласан О.Булган “Залуу уран бүтээлчдийг дэмжин дүрслэх урлагийг загвартай хослуулан гаргаж байгаа нь таалагдлаа. Энэ нь хувцас загварын салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Хувцас загвар, дүрслэх урлаг өөр ч хамтдаа байхдаа  нэгдэж гайхалтай зохицож чаддаг. Үүнийг өнөөдөр шинэ өнцгөөс харуулж байгаад баяртай байна” гэлээ.

ФОТО:

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet