ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНХААР: Дэлхий даяар 11 улсад 169 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй гепатитаар өвчилж, 17 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ

Европ, АНУ дахь хүүхдүүдийн дунд шалтгаан нь тодорхойгүй элэгний үрэвсэл буюу гепатитын тохиолдлууд илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Пүрэв гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Тайланд дурдсанаар 11 улсад нэг сартайгаас 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн цочмог гепатитын 169 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор Их Британид хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Өвчилсөн хүүхдүүдийн ихэнх нь тав ба түүнээс доош настай бөгөөд наад зах нь 17 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон бол нэг хүүхэд нас барсан байна.

Элэгний үрэвсэл нь ихэвчлэн вирусийн улмаас үүсдэг боловч эм, хорт бодисууд өвчнийг өдөөж болно. Пүрэв гарагт ДЭМБ-ын гепатитын ажиглагч доктор Филипа Истербрук эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь өмнө нь эрүүл байсан гэдгийг онцлоод, эдгээр тохиолдлуудыг “хачирхалтай” гэж тодорхойлсон байна.

ДЭМБ-ын мэдээлснээр нийт тохиолдлын 74-д нь аденовирус илэрчээ. Аденовирус нь ихэвчлэн амьсгалын замын өвчин үүсгэдэг боловч ходоод, нүд, шээс дамжуулах замын халдвар үүсгэж өвчлүүлдэг.

Хүүхдүүдийн дунд элэгний үрэвслийн тохиолдол нэмэгдсэн нь Их Британи зэрэг орнуудад аденовирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй давхцаж байгааг ДЭМБ онцолжээ. Гэсэн ч аденовирус-гепатит хоорондоо холбоотой эсэхийг нарийн судлах хэрэгтэй гэв.

ДЭМБ-ын Европ дахь өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн багийг ахалж буй доктор Ричард Пибодигийн хэлснээр аденовирус нь дархлаа султай хүүхдүүдэд элэгний үрэвсэл үүсгэж болдог. Харин эрүүл хүүхдүүдэд элэгний үрэвсэл үүсгэдэггүй байна.

Нийт хүүхдүүдийн 20 нь ковидоор өвчилж байсан бол 19-д нь ковид болон аденовирус хоёулаа илэрсэн байна. Пибоди ковидыг гепатитын дэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй ч үүнийг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж хэлэв.

ДЭМБ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын дунд элэгний А-Е вирус илрээгүй, мөн “CMV”, “Epstein Barr” зэрэг бусад вирусүүд ч илрээгүй гэж мэргэжилтнүүд мэдэгдэв. Түүнчлэн хүүхдүүдийн дийлэнх нь вакцин хийлгээгүй тул ДЭМБ Ковид-19-ийн вакциныг болзошгүй шалтгааны жагсаалтаас хассан байна.

Элэгний үрэвслээр өвчилсөн хүүхдүүдийн дунд гэдэсний өвчин, суулгалт, бөөлжих, шарлах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрч байгаа тул эцэг эхчүүд хүүхдэд тань ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Мөн гараа сайтар угаах, амьсгалын замын халдвараас сэргийлэх зэрэг эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь аденовирус зэрэг олон нийтлэг халдварын тархалтыг бууруулахад тусалдаг гэж эмч нар зөвлөжээ.

Эх сурвалж: CNBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet